Сайдтай ч яалаа, сайдгүй ч яалаа

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Ц.Лхагвасүрэнгийн томилгоог хэлэлцэв. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг задарсан ч өргөн барьсан саналыг нь байнгын хороогоор хэлэлцсэн ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэр дэвшигч Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохгүй гэв.
Ер нь бол эрүүл мэндийн сайдын томилгоо одоо чухал асуудал биш, сайдтай ч яалаа, сайдгүй ч яалаа. Сар хагасын дараа сонгууль болно. Улс төрийн хүрээний бүх зүйл шинэчлэгдэнэ. Бүтэн хагас жил эзэнгүй байсан эрүүл мэндийн салбарт хоёр сар хүрэхгүй хугацааны “нас”-тай сайд байлаа ч юуг ч өөрчлөхгүй. Нөгөө талаар Ц.Лхагвасүрэнд ёстой л нэрний нэмэр асуудал. Намтартаа Шийдлийн Засгийн газарт Эрүүл мэнд, спортын сайдын албыг хоёр сар хашсан гэж бичих нь ч онигоо л юм.
Авлигаар хэргээр “аав”-ын суусан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнээс хойш эрүүл мэндийн салбар эзэнгүй байсан гэсэн үг. Шадар сайд Ц.Оюунбаатар сайдыг түр орлож, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “гал тогооны” ажлыг хийх хугацаанд энэ салбарт цөөнгүй сорилт тулгарсан. Хамгийн наад зах нь улаанбурхан өвчний тархалт. Гуравхан сарын хугацаанд 59 хүүхдийг улаанбурханаар алдаж, эцэстээ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ улаан тууралт “халдааж” байж, анхааралд нь өртүүлсэн. Бас гадаад, дотоод гэхгүй тусламжийн гараа сунгаж байж, улаанбурханыг “барьж”, тархалт өмнөх долоо хоногоосоо 16 хувиар буурсан гэх эерэг үзүүлэлттэй сууж байна.
Сонгууль хаяанд тулж, УИХ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бүрэн шинэчлэгдэх гэж байхад танхимаа бүрдүүлж, сайд томилох гээд сууж байдаг улс манайхаас өөр байхгүй биз. Сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байхад заримынх нь эхлэх юм уу, хаашайн. Томилох ёстой хугацаа, шаардлагатай нөхцөлд байдалд нь улс төрийн тоглоомоор гацаачихаад өнөөдөр санал ширээ ярьж суугаа нь үнэхээр улс төр л юм даа.
Эмч нар ээлж дараалан хэвлэлийн хурал, жагсаал цуглаан хийж, “Эрүүл мэндийн салбар сэхээнд орчихлоо” гэж хичнээн ч хэллээ, хэн ч тоогоогүй. Толгойгүй, хагас жил явсны эцэст сайдын томилгоо ярих нь хэн хэрэгтэй юм. Сайдтай ч яалаа, сайдгүй ч яалаа.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ