Нийгмийг “Нохойн сүрэг”-ээр шүүмжилнэ

img

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягийн  “Нохойн сүрэг” эмгэнэлт, драмын жүжгийг тоглох гэж байна.

 

Найруулагч Ч.Ганхуяг тус жүжгийн зохиолыг 1990-ээд онд бичсэн ч тайзны бүтээл болгож чадалгүй бурханы оронд оджээ. Түүний дутуу орхисон эл зохиолыг УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү шинэчлэн найруулж, тайзны бүтээл болгосон байна.

 

Тус жүжигт улс эх орны хямрал, нийгмийн үнэн төрхийг, нохойн амьдралаар харуулан шүүмжлэх аж. Жүжгийн гол санааны тухайд тэрбээр “Жүжиг маань товчхондоо сүр хүч ихтэй, үндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй ч гэнэн итгэмтгий, цагаан цайлган Баавгайн дүрээр нийт монголчуудыг илэрхийлнэ. Харин угаадас долоохоос залхаж гоё сайханд татагдан харийн ноходтой хормой хотоо нийлүүлсэн Банхараар эмс ариун бол төр ариун байдгийг харуулахыг зорьсон. Банхарт эх орноо гэх сэтгэл байдаг ч энэ сүрэг дунд хоёулахнаа Монгол учраас айж, бас Баавгайг арчаагүй гэж голж, нүүр буруулна. Өнгөн дээрээ сайн нөхөр царайлчихаад утсан хүүхэлдэй Жуликийгээ Баавгайн туслах болгож, сүргийг удирдах санаа агуулсан Чайка овчаркаар эрх мэдэлтнүүдийн ард буй нууц ноёнтнуудыг төлөөлүүлсэн жүжиг” хэмээн ярьжээ.

 

Тус жүжгийн өмнө нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн тайзнаа таван удаа,  Төв аймгийн “Монгол туургатан” театрт хоёр удаа тоглож байжээ. Энэ удаад УДЭТ-ын тайзнаа энэ сарын 16-нд 18.00, 20.00 цагт хоёр удаа тоглох аж.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hoshin
2016-05-12