Тойргийг хувьчилж байна

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт  тавьж, үг хэлсэн юм.

 

Тойрог, мандатыг  тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, түүнийгээ баахан өмөөрдөг боллоо.  Тойрог, мандатын тоог тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна шүү дээ. Хэнтий аймаг 76 мянган хүн амтай байхад гурван тойрогтой болгоё гээд л оруулаад ирж байна. Энэ бол Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй шүү дээ. Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаврыг нь СЕХ биелүүлжээ. Та нар битгий худал хэл. Шударга бус байдлаа больчих. Тойрог тогтоодог асуудлыг УИХ өөр дээрээ авах шаардлагагүй юм байна гэж би бодож байна. Цаашид СЕХ нь уг асуудлаа шийдээд явдаг хуулийн өөрчлөлт хийх хэрэг гарах юм байна. Ижил хүн амтай, сумтай хоёр аймгийн мандатын нэгийг нь 2 нөгөөх нь гурав болгоод оруулаад ирдэг юм. Энэ чинь л эгдүү хүргээд байна.Энэ чинь ариун явдал мөн үү. Ийм утгагүй байж болохгүй. Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. АН-ын бүлгийн хурлаар гарсан саналаар бол жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү үсрээд Багахангай Чингэлтэй рүү үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсрэх гэж байна уу яах гэж байна. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодогоо болчьих. Адал, балмад балиар оролдлогоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна. Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн толгойтой юм бол ямар юм аа хийж ийм балай юм оруулж ирж байгаа юм. 76 мянган хүн амтай аймаг хоёр суудалтай байх ёстой юм бол Сүхбаатар, Хэнтий хоёрт нь адилхан суудал хувиарлаач. Арай хэтэрч байгаа юм биш үү. Санал өгөх гэж байгаа гишүүд төр улсаа бодоод больчих.

 

Одоо битгий цэцэрх

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Ямар их мэргэн цэцэн улсууд гарч ирээд орсон борооны араас цув нөмрөөд байна. Ардын намынхан хоороороо орж ирж суучихаад баахан хүн доромжилж байна. 13 жилийн туршид буюу гурван сонгууль дараалж мөрдсөн хуулийг зөрчсөн. Сонгуулийн хууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалга өгсөөр байгаад цэцээрээ дамжуулаад хүчингүй болгосон. Өнөөдөр бантан зуураад сууж байна. Би үүнийг чинь анхнаасаа эсэргүүцсэн. Та нарт үг хэлэхэд тоодоггүй болохоор би фэйсбүүк дээрээ хүртэл бичсэн. Та нар хуулийн заалтыг гууль болголоо. Хуйвалдааны төрийнхэн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хуулийг өөрчлөөд сууг уу гэх мэт. Та нар бүр даварлаа шүү. Хэзээ Монголын төрд ийм замбараагүй байдал бий болж байсан юм. Сонгууль сар хүрэхгүйн дараа болж байдаг. Гэтэл та нар зүүдэлж сэрснээрээ тойргоо хуваарилаад сууж байдаг.  Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг Монголын түүхэнд хариуцлагатайгаар бичиж үлдээх ёстой. Сүүлийн 13 жилд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хууль өөрчилсөн түүх байхгүй. Үүнийг та нар хийсэн. Өнөөдөр түүний чинь үр дүн бол тойрог яриад заваараад сууж байгаа чинь. Заваарснаа яагаад АН руу  чихээд байгаа юм. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх, ашгийг хамгаалсан хууль. Тэр байтугай Хүний суурь эрхийг хангасан хууль юм. Энэ талаар Хүний эрхийн бичигт дурдсан байгаа. Одоо битгий цэцэрх. Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатар аймгийг 58 мянган хүн амтай байхад хоёр мандаттай болгосон. Увс аймаг 80 мянган хүн амтай байхад хоёр мандаттай байна. Хүн амын тоо 22 мянгаар зөрж байхад улаан цагаан луйврыг яагаад хийж байгаа юм. Хэний захиалгыг биелүүлж байгаа юм.

 

Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Хүний захиалга барьж орж  ирчихээд ширэн нүүрлээд сууж байгаа  хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж бодлоо.  Жоржийн “1984”  гэсэн  ном байдаг. Тэр номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Ээ хөөрхий, ардчилсан Монгол Улс маань ийм болчих гэж дээ. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын  тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. Аль нь араас нь, аль нь өврөөс нь төрсөн юм бэ. Үүнийг ямар зарчим гэх вэ. Энэ бол зарчим нь захиалгаар явсан байна. СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг  Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих. Цаашлаад Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчих. Тэгээд ҮХЦ-д очвол ямар байна.  Энэ бол гишүүдийн бус төлөөлж байгаа сонгогчдын эрхийн асуудал. Яахаараа Хэнтийгээс  сонгогдсон гишүүн 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. Ямар шударга ёс гэж энэ вэ. Тойргийн доторх хуваарилалтуудыг үзэхээр хачин хачин зүйл их байна. Булган аймаг нэг мандаттай гээд хүч түрээд ороод иржээ. Гэтэл бусад аймгуудын тухайд аймгийн төв нь нэг тойрог болсон зүйл харагдаад байна. Энэ чинь одоо сумын депутат сонгох гээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн сонгох гээд байна уу.  Ингэж Монголын төрийн үндсэн зарчим эвджээ. СЕХ-хон хүний захиалгаар сонгуулийнхаа хуулийг эвдээд байж болохгүй. Энэ байдал иргэд сонгогчид сонгуулиа өгөх үү, байх уу гэдэг эргэлзээг бий болгоно шүү.

 

Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

 

-СЕХ захиалга аваад хийдэг гэдгийг би анх удаа сонсож байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлгож байна. Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан.  Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг.  Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг.  Монгол Улс нэг тойрог. Бүс нутгийн хөгжил яривал зүүн бүсийн хөгжил үеийн үед  дорой явж ирсэн. Нүүдэл суудал нь үргэлжилж байгаа.  90 жил МАН засаг барихдаа зүүн бүсийг хөгжүүлэх бодлогыг бариагүй. Хэнтий аймгийн үе үеийн Засаг дарга нар бүгд баруун аймгаас очиж байсан. Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү. Гэхдээ өнөөдөр олон зүйл ярихгүй.

 

АН-ынхан өчигдөржин хор найруулсан

 

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-СЕХ-ноос асуулт алга. Саналаа хэлье. Зарчим барих ёстой. Хүн ам, нутаг дэвсгэр, газар нутгийнхаа хэмжээг барих ёстой байсан. Зарчмаа баривал асуудалгүй. Гэтэл Б.Гарамгайбаатар зарчим барьчихлаа. АН-ынхан өчигдөржин хор найруулсан. Хэзээ та нар ийм эв нэгдэлтэй байсан юм. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Та нарын зарчимгүй үйлдлийг хараад миний ой гутаж байна. Төрийн эрх мэдлээр далайлгаж өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж сонгогчдын эрх ашигт халдаж байна. Ингэж будилаантуулсны чинь төлөө Б.Гарамгайбаатар танд ард түмэн дүнгээ тавина. Та арай хэтэрч байна. Хууль нь шийдэхгүй бол хувь заяа шийдээд явчихдаг гэдгийг хэлмээр байна.

 

Даргынхаа өрөөнд тойрог зураад сууж байдаг юм биш биз дээ

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

Төслийг эхэлж хараад би техникийн алдаа гарсан юм болов уу гэж бодтол санаатай оруулж ирсэн л гэж Сонгуулийн ерөнхий хороо хэлээд байна. Сонгуулийн ерөнхий хороо нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж хэний ч нөлөөнд автах ёсгүй байгаасай гэж бид хуулийг нь баталж байсан. Гэтэл хөндлөнгийн нөлөөнд орсон л байна даа. Хүн ам нь ялимгүй зөрүүтэй байхад нэг аймаг нь нэг мандаттай, нөгөө аймгийг нь гурван мандаттай байхаар оруулж ирдэг юм бэ. Ямаа, тэмээ шиг хоёр юм оруулсэн байна ш дээ нөхөд минь ээ. Бид яаж хүний нүүр харах юм бэ?. Үнэхээр ичиж байна. Монгол Улс Улаанбаатар улс биш ээ, 1.5 сая дөрвөлжин хавтгай газар нутагтай 21 аймагтай улс.

 

Говьсүмбэрийг Дорноговьд нэгтгээд яваад ирсэн уламжлалтай, түүгээр барьж яагаад болоогүй юм. Улаанбаатар хотын мандатаас авч болно, яагаад энийг зохицуулаад ороод ирээгүй юм бэ.

 

Хоёрхон шалгуур бий, хүн амын тоо, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ. Сонгууль нь шударга болох юм байна гэдэг зүйл харагдуулахын тулд шударга юм оруулаад ирэх ёстой. Улс төрийн намууд соёл үзүүлэх ёстой. Ноён нуруу, зарчим л барьсан байхад болно.  Гэтэл энэ төслөөр итгэл итгэл алга болчихлоо. Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гэгчээр гэдэс дотор луу нь орох юм шиг байна. Даргынхаа өрөөнд тойрог зураад сууж байдаг юм биш биз дээ.

 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд  байр сууриа илэрхийлж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэгээ:
АН намын дотоод зөрчилдөөн бүр хурцадаж байна өлсгөлөн зарлаж хүний бие муудсан одоо тамга тэмдэгээ аван зугтаж байна гэх шиг албан тушаал гэх зүйл хүнийг сэтгэлгүй араатан болгож байна
2016-05-13
гэгээ:
АН намын дотоод зөрчилдөөн бүр хурцадаж байна өлсгөлөн зарлаж хүний бие муудсан одоо тамга тэмдэгээ аван зугтаж байна гэх шиг албан тушаал гэх зүйл хүнийг сэтгэлгүй араатан болгож байна
2016-05-13
гэгээ:
АН намын дотоод зөрчилдөөн бүр хурцадаж байна өлсгөлөн зарлаж хүний бие муудсан одоо тамга тэмдэгээ аван зугтаж байна гэх шиг албан тушаал гэх зүйл хүнийг сэтгэлгүй араатан болгож байна
2016-05-13
зочин:
Сонгогчийн эрх зөрчиж байна одоо нэг их ард түмэний төлөө гэж цээжээ дэлдэх хүмүүс сайхан амьдрах цаг ирлээ гэж бөөн амлалт өгсөн хүмүүс орон нутгаар нэг болно доо яана яана
2016-05-13
her:
ta nart eh ornoo geh setgel uneheer alga
2016-05-12