МАН хуралдааныг орхин гарч, АН тогтоолын төслийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн тойргийг хөдөөд 48, хотод 28 гэсэн хувилбар гаргасан байлаа. Гишүүд мандат хуваарилалт дээр маргаан дэгдээсэн юм. АН-ын бүлгийн ажлын хэсэг тойрог, мандат хуваарилалт зарчмын зөрүүтэй санал гарсан байлаа. Тухайлбал Сүхбаатар аймагт хуваарилсан 2 тойрог, мандатыг нэг болгож, Увс аймагт нэмж, 3 болгох санал байв. Үүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм.
УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрог буюу Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэсэн нэг тойргийг Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мандатыг нь тус тус шилжүүлэх санал гаргажээ. Ингэснээр Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тус бүр 4 мандаттай болж байгаа юм. Энэ саналыг гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын гишүүд гаргажээ. Дээрх дүүргийн мандатыг бусдад нь шилжүүлснээр захын дүүргүүд хөгжинө гэж санал гаргачид үзсэн байна. Байнгын хорооны хуралдаан суусан гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн юм.
УИХ-ын С.Бямбацогт “Багануур, Багахангай, Налайх дүүргийг бие даасан сонгуулийн 1 тойрог болгох” санал гаргасан байлаа. Гэвч дээрх санал дэмжигдсэн учир санал хураалт явуулах шаардлагагүй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үзэв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Муу зүйл их зааж өгч байна. Арай дэндэж байна. 5 хоногийн хугацаатай завсарлага авъя” гэсэн боловч олгосонгүй.
Харин Х.Тэмүүжин нарын дөрвөн гишүүний гаргасан саналаар дахин санал хураалт явууллаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Ойлголцоод, зөвшилцөөд явдаг бол төр нь түвшин, түмэн олон амгалан байна. Хүчирхийлэл хүчирхийллийг, үзэн ядалт, үзэн ядалтыг араасаа дагуулна. Өнгөрсөн 4 жил хангалттай хууль зөрчсөн. Олонхиороо хүч түрсэн. Үүний үр дүнд Монгол Улс маань гадаадад ямар нэр хүндтэй болсон байгаа билээ. Ард олны амьдрал ямар байгаа билээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Үүнийг биднээр хэлүүлэлтгүй хүн болгон мэддэг, ярьдаг, мэдэрдэг. Өнөөдөр яаж гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах вэ гэдгийн зовлонг ард олон амсч байгаа. Дээрээс нь төр нь түвшин байгаасай, сонгууль нь хугацаандаа шударга явагдаасай гэж хүсч байгаа.
Гэтэл харамсалтай нь тойрог, мандатын тооны асуудалд АН л ялах ёстой гэж шахаж байна. 2012 онд АН хар машинаар ялсан. Өөрсдөдөө ашигтайгаар тойрог, мандатыг хуваарилж байна. Тойрог гэдэг тойрог л байдаг. Гэтэл энд тэнд нь үсчсэн тойрог хуваарилна гэж байхгүй. Зоосны нэг тал байдаг бол зоосыг хоёр тал болгож байна. Зоосны хоёр талыг сүлд болгоно гэж байхгүй. Нэг тал нь тоо байдаг. Асуудалд битгий нэг талаас хандаач ээ. Тийм учраас завсарлага авъя. Бас өчигдөр АТГ-ын даргыг томилох хуулийн хугацаатай байлаа. Гэтэл хуулийн хугацаа өнгөрөөд байхад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хууль зөрчөөд завсарлага өгсөн. Одоо бас хугацаатай гэдэг байдлаар завсарлага өгөхгүй гэж болохгүй. Завсарлага өгөөч ээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-Пропорцианалиараа 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулиар явъя гэхэд заавал жижиг тойрог болгоно гээд болгосон. 76 жижиг рүү явна гээд зүтгээд явсан. Хэлсэн болгоноор чинь явж байгаа. Бүх зүйлийг та нарын хүслээр явна гэж байхгүй. Өнөөдрийн бидний баталсан хувилбараар тойрог, мандат хуваарилсан. Өчигдрийн АТГ-ын даргын томилгооны асуудал УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар яригдаагүй. Өнөөдөр МАН-ын бүлгийн СЕХ-нд өгсөн санал туссан байгаа. Жишээ нь Хэнтий аймгийг 3 тойрог, мандаттай болгоё гэсэн С.Бямбацогт даргын гарын үсэгтэй санал байна. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг маш их ярьсан. Саналаа хуваагаад олонхиороо шийдье гэсэн. Одоо юу ярина вэ?
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Сонгуулийн хорооноос одоо асуух цаг болсон. 5 хоногийн дараа завсарлага авбал хуулийн хугацаанд багтахгүй. Энэ зарчмын зөрүүтэй саналыг 4 гишүүн гаргаад байгаа юм шиг яриад байна. Танай МАН-ын бүлэг дотор бас ажлын хэсэг гаргасан. Санал бүр тойрог тойрог дээр яригдсан. Гэтэл тохиролцоогүй учир АН-ын ажлын хэсэг саналаа нэгтгэсэн. Эцсийн бүлэгтээ томсгосон тойргоор явсан бол энэ асуудал үүсэхгүй байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Сонгуулийн хуульд “УИХ-ын сонгуулийн тойргийг хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзан сонгуулийн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө байгуулж, тойргийн нутаг дэвсгэр мандатын төвийг тогтооно” гэж заасан. 45 хоногийн хугацаа гэдэг нь энэ ням гаригаар дуусгавар болж байгаа. Ажлын өдрөөр тооцвол маргааш дуусгавар болж байна. Тиймээс завсарлага авахад хүндрэлтэй байна. Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 4.6-д “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэжээ. Тиймээс үүнтэй уялдуулан завсарлага өгөх бололцоо байхгүй байгааг анхаараарай. УИХ-ын тойрог байгуулах тухай тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 76 тойрог байгуулсугай. Бусад дэмжигдсэн саналыг багтаасугай” гэснийг уншиж танилцуулах юм байна гэлээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. Харин тус байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй” гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд суусан 11 гишүүдийн 10 нь дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ