“Содура” Каннын кино наадамд өрсөлдөж байна

Франц улсын Канн хотноо олон улсын кино наадам эхэлжээ. 69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд манай улсаас “Содура” уран сайхны киногоор “UBS” телевизийн уран бүтээлчид оролцож байна.
Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг нийтдээ 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж байгаа аж. Эдгээрээс 20 нь нэр хүндтэй номинацид болон наадмын дээд шагнал “Алтан далдуу мод”-ны төлөө өрсөлдөх юм.
Наадамд “Содура” уран сайхны киногоор Монголын кино бүтээгчид анх удаа оролцож буйгаар онцлог юм. Наадмын тэргүүн дээд шагнал “Palme d Or” буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт томоохон ач холбогдолтой талаар киноны уран бүтээлчид хэлж байсан.
“Содура” уран сайхны кинонд цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдаг тухай өгүүлдэг. Мөн Хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцэлийг ч харуулсан байдаг.
Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг наадам юм.
Энэ оны шилдэг кино тодруулах тус наадмыг өчигдөр найруулагч Вүүди Аллений “Кафе Сосайти” нэртэй киногоор нээжээ. Түүнчлэн шилдгийг шалгаруулах шүүгчдийг энэ онд “Галзуу Макс 4” киноны найруулагч Жон Миллер ахалж буй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ