Нэр шигээ “гарамгай” юм гээч

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Батхүүгийн Гарамгайбаатар ажилладаг. Түүнийг Хэнтий нутгийнхан төр, түмэн олныхоо төлөө “гарамгай” байгаарай гэж Их хуралд илгээсэн. Түүнээс өмнө 2008 онд “Монроуд”-ын “босс”-д Хэнтийнхэн итгэл үзүүлээгүй байдаг юм. Харин 2012 онд нэр дэвшихээр дахин горилоход нь Их хуралд “явуулж” үзсэн.

Гарамгай дарга 2012 оны сонгуульд тойргоос нэр дэвшин гарч ирсэн тул бүлгийн дарга гэдгээрээ энэ удаагийн сонгуульд намын нэрсийн жагсаалтаар орж ирнэ гээд тойргоо услалгүй хаясан нь үнэн. Цэцийн тавдугаар дүгнэлтийг Их хурал хүлээн авснаар намын нэрсийн жагсаалт байхгүй болсон нь ч үнэн. Ингэснээр мань хүн дөрвөн жил тоолгүй хаясан тойрогтоо нэр дэвшихээс өөр “зам”-гүй болсон нь бас л үнэн. Энэ нөхөр барьц алдахдаа унан тусан байж “Чингис хааны нутаг” ч гэх шиг хачин балай юм ярьсаар нэг мандат нэмүүлж аваад санаа нь амарсан. Монгол төрийн түшээгээс тэр дундаа АН-ын бүлгийн даргын амнаас ийм үг унаж байгаа нь харамсалтай байна.
Аргаа барахдаа Ц.Нямдорж гишүүн “Гарамгайбаатар аа, чи боль. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй. Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна” гэж хэлж байх вэ дээ. Иймэрхүү дээрмийн зүйл дээр ч “гарамгай” гэдгээ баталж чадлаа. УИХ-ын гишүүн болчихоод эхнээсээ нутгийн иргэдийнхээ төлөө ажиллаад явсан бол яалаа гэж ингэж алингаа алдаж, нэр нүүрээ барж, луйврын “зам”-ыг сонгох вэ дээ. Түүний энэ эрээ цээргүй үйлдэл нь АН-ын рейтингийг улам л шалан дээр унагалаа. Гурван мандаттай Хэнтийн тойргоос гишүүн болбол 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлөх ийм л гажиг “зам”-ыг тэр зурсан юм. Б.Гарамгайбаатар муу зам тавихдаа “гарамгай” юм. Муу зүйл хийхдээ ч мөн л “гарамгай” юм байна.
С.НЭМЭХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ