Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Монгол улсын Үндэсний номын сан нь Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулах гэж байна. Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар хүндтэй юм.
Энэ үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор манай номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Монгол улсын Үндэсний номын санд гардуулсаныг “Үнэт, ховор номын музей”-дээ залах аж.
Ёслол маргаар 11.00 цагт Үндэсний номын санд болно.
Монголын музейн анхны дарга "Чөтгөр" хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцооны дагуу "Монгол Данжуур"-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил бүтээсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ