Засгийн газрын хуралдаан боллоо

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 5 дугаар сарын 16-нд болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд улирал тутам олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

 

2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.

 

Энэтхэгээс авах зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болон тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд зориулан 1 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай зөвшилцөөд ерөнхий нөхцөлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.

 

БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа юм.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг соёрхон батлуулна

 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар суурь конвенцийг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл хэрэглээг хөгжүүлж, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон талт санхүүгийн механизмд хамрагдаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

 

Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

 

Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Дэлхийн банкнаас 2015 онд гаргасан бизнес эрхлэлтийн талаарх судалгаагаар Монгол Улсын 1 чингэлэг бараа экспортлох дундаж зардал 2.745 ам доллар байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 864 ам.доллар байна. Монголоос бараа экспортлоход зарцуулагдах хугацаа дунджаар 44 өдөр байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 20 өдөр байна. Хил дамнан худалдаа хийх үзүүлэлтээр Монгол Улс 173-т оржээ.

 

2013 оны 12 дугаар сард болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон бөгөөд гишүүн орнуудын 2/3 нь уг хэлэлцээрт нэгдэн орсноор хүчин төгөлдөр үйлчлэх юм.

 

Хэлэлцээр хэрэгжсэнээр импорт, экспортод зарцуулах хугацааг богиносгох, худалдааны зардлыг хэмнэхэд дэвшил гарна.

 

“Саусгоби сэндс”-д шүүхээс ногдуулсан өр төлбөрийг бүрэн авна

 

Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.

 

Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр  авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна.

 

Дархлаажуулалтын аянг эрчимжүүлнэ

 

Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.  Өмнөх  7 хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж 5 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.

 

Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ

 

Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа. Төлөвлөгөө батлагдсанаар хилийн чанад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бий болж, гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бүрдэж, гадаадын иргэншилтэй болсон Монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийх юм.

 

Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болголоо

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв. Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа ч  мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас  үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд  цаг алдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгалаа.

 

ТОВЧ МЭДЭЭ:
-  Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
-   Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
-  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-  2016 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
erdener shig tom tosold enethegiin zeel
2016-05-17