Өмнөд Хятадын тэнгисийн агаарын бүсэд эргүүл хийж явсан АНУ-ын цэргийн онгоцыг Хятадын байлдааны онгоц хөөсөн хэрэг өчигдөр гарчээ. “Хятадын байлдааны онгоц сануулга өгөхгүйгээр АНУ-ын онгоцыг даган хөөж эхэлсэн” хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч “БНХАУ-ын үйлдэл хяналтаас гарч байна. Тэд маргаантай бүсийг өөрийн эзэмшлийн хэмээн андуурч, эргүүл хийж буй улсуудад аюул учруулах боллоо. Хэрвээ Хятадын онгоц АНУ-ын онгоц руу галласан бол хоёр улсын дунд таагүй харилцаа үүсэх эрсдэлтэй байлаа. Сануулга өгөхгүйгээр дагаж, хөөсөн шалтгааныхаа талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам нэн даруй тайлбар хийнэ үү” гэж мэдэгджээ.
Бээжин уг асуудалтай холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна. АНУ-ын цэргийн онгоц тус бүсэд заагдсан чиглэлийн дагуу эргүүл хийж явсан гэдгээ мэдэгдсэн байна.
Нисгэгчид “Гэнэт биднийг Хятадын байлдааны онгоц дагаж эхэлсэн. Хятадын онгоцтой мөргөлдөхгүйн тулд өндрөө 60 метрээр багасгасан” гэж ярьжээ. БНХАУ маргаантай бүсэд бүтээн байгуулалтын ажил хийж эхэлсэнтэй холбогдуулан АНУ энэ оны эхээр тус бүс нутагт эргүүл хийх болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |