“Үргээлэг 2” Каннын дэлгэцнээ гарна

Франц улсын Канн хотноо олон улсын кино наадам энэ сарын 12-нд эхэлсэн. 69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд манай улсын кино уран бүтээлчид анх удаа оролцож байна.
Энэхүү кино наадамд “Дижитал Агуулга” ХХК манай улсын орчин үеийн 100 гаруй уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулах, худалдаалах ажлыг эхлүүлжээ. Улмаар Монголын уран сайхны “Маш нууц”, “Содура”, “Үргээлэг 2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” зэрэг кино энэ наадмын маркетэд багтсан аж. Эдгээрээс “Үргээлэг 2” кино Каннын дэлгэцэнд гарахаар хуваарьт орсон байна. Түүнчлэн Каннын кино наадамд оролцож байгаа кинонуудын мэдээллийг агуулсан “Pocket Guide” номод “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга багтсан байна. Эл ном нь жил бүр 10 мянган ширхэг хэвлэгддэг аж.
Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг нийтдээ 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж байгаа аж. Канн 70 жилийн түүхтэй дэлхийн хамгийн анхны кино наадам юм. 2015 онд зохион байгуулсан кино маркетаар нийт 10 мянган кино мэргэжилтэн оролцсоноос 3200 продюсер, 2300 дистрьбютер компани, 1500 олон улсын менежер мөн 790 фестиваль зохион байгуулагч нар оролцож байжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ