УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэлдээ:
-Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батанзандан нар Нийтийн болон төрийн албанд хувийн эрх ашгийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төсөл хоёр жил дарагдаж байгаа хэлэлцэх төлөвлөгөөнд орсон байна. МАН энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хуулиар оффшор данстай, оффшор компанийн хувьцаа эзэмшихийг хориглосон заалт орж ирж байгаа. Үүнийг бид дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн дээд албан тушаалтнууд гадаад улсын иргэн байхыг хориглосон, гадаад хүнтэй гэр бүл байхыг хориглосон заалт оржээ. Гадаад улсын иргэн байж байгаад Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаал хаших нь маш хариуцлагагүй зүйл. Ийм тохиолдол удаа дараа гарч байгаа. Харин Монгол Улсын иргэн гадаад хүнтэй гэр бүл болсон тохиолдолд төрийн албан ажиллаж болох уу үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ нь хүний эрхийн асуудал учир харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна хэмээлээ.
Мөн АТГ-ын даргыг томилох асуудлаар УИХ-ын даргад шаардах юм байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-АН оффшор данстай гишүүдээ УИХ-ын сонгууль нэр дэвшүүлэхгүй гэсэн. Танай нам ямар бодлого барьж байна вэ?
-Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байж эрхийг нь хасах асуудал яригдана. Гэтэл өнөөдөр оффшор компанийн хувьцаа эзэмших нь хууль зөрчиж байгаа үйлдэл тул нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Мөн оффшор компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэдгийг хязгаарласан зохицуулалт хуулинд байхгүй. Зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх дэгд “Ял эдэлсэн, ялтай байж болохгүй, банкны хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх” гэж хориглож, хязгаарласан заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор оффшор дансанд хувьцаа эзэмшиж байгаа нэгнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Бид аль болох хүний эрхийг дээлэх ёстой. Хууль хяналтын байгууллага оффшор данстай байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү биш үү гэдгийг шалгаж тогтоох ёстой байх.
Авлигатай тэмцэх тухай, Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хуулийг 2007 онд баталсан. 2012 онд Нийтийн болон төрийн албанд нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль баталсан. Энэ хуулиудад ХОМ-тээ байгаа компани, үнэт цаас, дансан дахь мөнгөө ил тод бичих ёстой гэж заасан байгаа. Хэрвээ хуулийн заалт зөрчсөн бол энэ нь хууль зөрчсөн асуудал мөн. Хэрвээ хууль зөрчөөгүй бол асуудал биш. Тиймээс бид хүний эрхэнд халдаан оффшор данстай бол хадны мангаа гэсэн байдлаар хандаж болохгүй. Хууль зөрчөөгүй бол иргэн УИХ-д нэр дэвших эрх нь чөлөөтэй байгаа.
Монгол Улсад 1993 оноос 2013 оныг хүртэл гадаадын улс орнуудаас 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнээс 8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл “Гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байна” гэж бид ярьдаг. Тэгвэл гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг юм байна. Монгол Улсад хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжүүдийн 920 нь оффшор компани юм байна.
Жишээлбэл, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү калл” зэрэг компаниуд бүгд оффшор компани юм байна. Ингээд үзэхээр оффшор компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан уу, хууль зөрчсөн үү гэдэг асуудал. Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орлого, авлига авсан мөнгөөрөө тэр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж болохгүй.
Н.Энх