“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тоглоно

img

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.

 

Энэхүү балетыг  анх 1870 оны  тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа тоглож байжээ. Харин  манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй. Л.Делибийн  энэхүү  бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг балеттай хослуулдгаараа онцлогтой. Тус балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гоцлол эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс өндөр ур чадвар шаарддаг байна.

 

Гурван бүлэг, таван үзэгдэлт эл балетын симфони найрал хөгжмийн урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бол балетмейстерээр  ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва,  ерөнхий зураачаар  Д.Сүхбаатар, туслах найруулагчаар  МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм байна. Балетын гол дүр Сванильдад  О.Анужин, Сванильдагийн дурлалт залуу Францад А.Билгүдэ, Коппелиуст  СТА Х.Мөнгөнхөлөг, Коппелия- 4 найзын дүрд  СТА Б.Энхтуул, Б.Туул, СТА Б.Алтаннамар, Ж.Ханбулнай  нар тус тус тоглох аж.

 

“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг энэ сарын 28, 29-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно. Тус театрынхан эл балетаар 53 дахь жилийнхээ үзвэрийг хаах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ