Нийслэлийн Сонгуулийн хороо хоёр эвслийг бүртгэлээ

img

 

 

 

Нийслэлийн Сонгуулийн Хорооны гишүүд хуралдаж “Тусгаар тогтнол, эв нэгдэл” болон “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшигчдийг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бүртгэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар тус хорооны Ц.Отгонбагана тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-аас гадна хоёр эвслийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэн “Нэгдсэн Монгол эвсэл”-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс Нийслэлийн  сонгуулийн хороонд шийдвэрээ эргэн харж, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдөл хүргүүлээд байсан юм. Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд  шийдвэрээ өөрчилжээ

 

Энэ талаар НСХ-ны гишүүн ЦОтгонбагана “Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулсан. УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос  энэ сарын 19-ний өдөр, Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 20-ны өдөр албан бичгээр зөвлөмж ирүүлсэн. Улмаар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж НИТХ-ын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг энэ сарын 22-ны өдөр гаргалаа” хэмээв.

 

Эх орончдын нэгдсэн эвслээс нийт 5 нэр дэвшигч НСХ-нд материалаа ирүүлснээс 4-ыг нь бүртгэгдсэн байна. Тус эвслийн нэр дэвшигч С.Рэнчинпагмыг эвслээс нэр дэвшүүлсэн тогтоолын хавсралтад түүнийг нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл байхгүй байсан гэдэг үндэслэлээр НСХ-ноос хасжээ. Харин Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс нийт 32 нэр дэвшигчийн материал ирүүлснээс 27 нэр дэвшигчийг бүртгэж 5 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, хуульд заасан насанд хүрээгүй 1, бичиг баримтын бүрдэл дутуу 2, баримт бичгээ ирүүлээгүй 2 нэр дэвшигч байжээ.  Улмаар нийт 37 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 31 нэр дэвшигчийг НСХ бүртгэжээ.

 

 

Түүнчлэн бие даан нэр дэвшигч 19 иргэнээс өргөдөл ирүүлжээ. Өргөдлийг авч магадлан шалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар БЗД-ийн 10-р тойрогт бие даан нэр дэвшигч У.Даваажав, БЗД-ийн 9-р тойрогт нэр дэвшигч Ө.Мөнхбат, ЧД-ийн 42-р тойрогт нэр дэвшигч С.Энхбаяр, Налайх дүүргийн 45-р тойрогт нэр дэвшигч А.Туяабаатар нарыг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн шийдвэрлэжээ. Харин бусад нэр дэвшигчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр бүртгэх үндэслэлгүй хэмээсэн байна. /Бүртгэгдээгүй бие даан нэр дэвшигчдийн нэрсийг хавсаргав/

 

Дээрхи шийдвэр нь Нийслэлийн Сонгуулийн Хорооны эцсийн шийдвэр гэдгийг гишүүд хэлж байна. Хэрэв гомдол гаргах тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандах учиртайг хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ