Таксины жолоочийг хөнөөсөн хэрэгтэнд ял оноов

Шүүгдэгч Ж-нь өнгөрсөн оны наймдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г-тэй таксины төлбөрөөс болж маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өчигдрийн шүүх хуралдаанаар Ж-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна. Түүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан давтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг онцгой дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ялаас 1 жил 4 сарын өмнө тэнсэн суллагдсаны дараа Баянгол дүүргийн шүүхээс 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 03-р сарын 24-ний өдөр ялаас 2 жил 22 хоногийн өмнө тэнсэн суллагдаж, ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн тул прокурорын саналаар, шүүхээс түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна.
Дээрх хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Очиржанцан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Чинбат хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ