“Үргээлэг II” 10 номинацид нэр дэвшжээ

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд өрсөлдөх кино бүтээлийн бүртгэл маргааш дуусах юм.
Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага багтаж буйгаар онцлог аж.
Наадамд өрсөлдөх бүтээлийн бүртгэл дуусахад нэг хоног үлдээд байна. Одоогоор "Үргээлэг-2" уран сайхны кино 10 номинацид, "Lovers" уран сайхны кино 5 номинацид, "Содура" уран сайхны кино 15 номинацид, "Атганд үлдсэн эрдэнэ" 15 номинацид, "Тоглож болохгүй нас" 6 номинацид тус тус нэр дэвшжээ.
Эргэн сануулахад "Академийн дээд Шагнал" гардуулах ёслолын ажиллагаа 2011 онд анхлан зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр "Зөрлөг" УСК шалгарч байв. Түүнчлэн 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус "Академи авардс"-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байсан.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 3-ны 17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ