Төрийн түр зогсолт

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын даргын захирамж улстөрчдийг төдийгүй олныг гайхшруулж орхилоо. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. Хугацаатай парламентын бүрэн эрх дуусгавар болж завсарлахад хуулиараа долоохон хоног үлдсэн байлаа. Тиймээс ч завсарлахаасаа өмнө хэлэлцэн шийдвэрлэх асуудал шил даран хүлээгдэж байсан. Саяхан батлагдсан Хууль сахиулах хуулийн хүрээнд Прокурорын байгууллагын тухай, Эрүүгийн тухай, Прокурорын байгууллагын тухай зэрэг олон хуулийн эцсийн найруулгыг сонссоноор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байлаа, гэвч хэрэгжсэнгүй.

 

Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байлаа. Олны анхаарлын төвд шуугиан тариад байгаа оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар уг хуулийн төсөлд тусгасан байв. УИХ-ын сонгуульд нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулж байгаа энэ өдрүүдэд дээрх хуулийн төслийг батлан хэрэгжүүлэх шаардлага байлаа, гэвч  хэрэгжсэнгүй. Байнгын ажиллагаатай парламентын хувьд хаврын чуулганаар 2017 оны үндсэн чиглэл, төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан зэргийг хэлэлцэх батлах хуультай байдаг. Эдгээрийг хэлэлцснээр ирэх онд улсын төсөв, нийгэм, эдийн засгийн өнгө харагддаг. Мөн л дээрх хуулийн төслүуд парламентын босгыг давсангүй.

 

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг хойшилж, дараагийн парламент нь үргэлжлүүлнэ гээд хойш тавигдсан байж болно. Харин хуулийн хугацаа нь тулсан, зарим газрын албан тушаалтнуудын  томилгоо мөн л сул орхигдлоо. Засгийн газар ЭМС-ын сайдгүй  хагас жил явсны хор уршгийг иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал алдагдаж, нийгэмд улаанбурхан дэгдсэн. Сайдгүй салбарт хариуцлагыг хэн ч хүлээгээгүй. Тэгвэл өнөөдөр АТГ-ын даргыг томилох хуулийн хугацаа хэтрээд явсан. Ерөнхийлөгчийн зүгээс томилох хүний нэрийг өргөн барьсан хэдий ч парламент дээр саатаад байсан юм. АТГ-ын даргыг томилоог хийхгүй гацаасан нь улс төрийн хүрээнд хардлага дагуулж байгаа юм. Намууд нэр дэвшигчээ тодруулж байгаа энэ үетэй давхцаад АТГ-ын даргын томилгоо саатуулагдсан нь цаана учиртай гэх хардлага ч байна. Зарим нэр дэвшигчийг АТГ саатуулах магадлалтай учраас томилгоо  санаатай гацаасан гэх таамаглал явж байгаа.

 

Цаашлаад АН-д Засгийн газраа богино хугацаанд ч болов дангаараа бүрдүүлж, сонгуульд хийсэн бүтээснээ бусадтай хуваалцах бус дангаараа сурталчлах боломж бүрдээд байсан. “Шударга ёс” эвслийн бүлэг задарч, МҮАН-ын гишүүд сонгуулиар АН-ыг дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Тиймээс хамтарсан Засаг дахь МАХН-ын гурван сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн даргад хүргүүлсэн байлаа. УИХ дахь АН-ын бүлэг ч Засгийн газрын тэргүүний саналыг дэмжиж, Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцүүлэн, дараагийн сайд нарын нэрийн хамт УИХ-д өргөн барихад ногоон гэрлээр шийдвэрлэгдэх асуудал байв. Мэдээж, шинээр томилогдох сайд нарын хувьд намтрын хуудсаа чимэхээс бус салбартаа ажил хийх байтугай танилцаж ч амжихгүй дараагийн парламентад шилжүүлнэ. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын тухайд сайдаар томилогдох эрхэм ажил хийх эсэх нь хамаагүй, Засгаа дангаар бүрдүүлж, цөөн хоногт ч болов хийсэн ажлаа багцлан түмэнд таниулан сурталчлах танхимын, намын бодлогоо хэрэгжүүлэхэд боломж байсан.

 

Мягмар гаригийн ажлын цаг дуусгавар болохтой уралдан гаргасан УИХ-ын даргын гэнэтийн захирамж  дээрх асуудлыг хэлэлцэх шийдвэрлэхэд  хаалт тавьж, гацаав. УИХ-ын гишүүдийн олонх нь уг захирамж гарсныг сонсоод чихэндээ үл итгэсэн хэдий ч нүдээр хараад гайхан хүлээж авсан байна лээ.

 

УИХ-ын чуулганы түр завсарлага зургадугаар сарын 23-нд дуусгавар болно. Харин завсарлагааны хугацааг дуусгавар болгож, чуулганы хуралдаанаа үргэлжлүүлэх ирц хүрэх үү. Одоогийн байдлаар УИХ-ын 76 гишүүний 73 нь ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Зарим нь намаа солин, улс төрийн шинэ хүчин сонгон байж тойргийн квот олж авч байна. ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл АН-ын гишүүний батлахаа өчигдөр УИХ-ын даргын өрөөнд хүлээн авсан. УИХ-ын сонгууль мажоратори буюу тойргийн системээр явагдана. Зургадугаар сарын 23 гэдэг сонгуулийн сурталчилгааны ид үе. Энэ үед УИХ-ын гишүүд  юун чуулганы хуралдаандаа суухаар Төрийн ордныг зорих, нэг хэсэг ч болов сонгогчидтойгоо уулзалт хийхээр зарим нь Улаанбаатараас 1500 км алс хязгаарт давхиж явна биз.

 

Тиймээс л энэ удаагийн парламент завсарлахаасаа өмнө ажлаа цэгцэлж, бүрэн эрхийн хугацааныхаа ажлаа дүгнэж, ёс төртэйгээр завсарласангүй. Намын бодлого тэргүүнд тавигдаж, төрийн тасралтгүй явагдах бодлогыг түр зогсоож, сар саатууллаа.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

000:
turiin yail ajllalaa tasraltgyi geed bdag biz dee
2016-05-26