Дуурийн театрт рок тоглолт болно

“The Lemons” хамтлагийн залуус “Unplugged” нэртэй уран бүтэлэийн тоглолтоо энэ өдөр тоглох гэж байна. Альтернатив индие, пост панк, рок урсгалаар тоглодог тус хамтлагийн тоглолт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болохоор онцлог юм.
Тоглолтод нийт 15 дуу дуулагдах бөгөөд энэ үдэш эффектгүй зөвхөн банзан гитар эгшиглэх болно гэдгийг хамтлагийн дуучин Ц.Одбаяр хэлжээ. Тэрбээр ДБЭТ-т тоглолт хийх болсон тухайгаа “Манай хамтлагийнхан ДБЭТ-тай гэр бүл, уран бүтээлээрээ холбогдсон учраас энэхүү театрыг сонгон Unplugged тоглолтоо хийхээр болсон. Мөн тэрхүү сонгодог хөгжим, суут уран бүтээлүүд эгшиглэдэг тайзан дээр цор ганц тоглолтоо хийнэ гэдэг бол нэр төрийн хэрэг” хэмээн тайлбарлажээ.
Энэхүү тоглолтод утсан болон үлээвэр хөгжимчид оролцож аж. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус хамтлагийн гаргасан гурван цомгийн хүмүүст хамгийн их хүрсэн шилдэг дуунуудыг эгшиглүүлэх юм байна.
Тоглолт энэ өдрийн 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ