Э.Бат-Үүлийн эсрэг аян буюу амьд үлдэх бяцхан арга

Улаанбаатар хотын сонгогчдын хувьд УИХ биш НИТХ-ын сонгууль хамгийн чухал. Хотын тойргуудаас парламентад гарсан гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төлөөлөгчдөөс муу ажилласан учраас тэр. Нэг ёсондоо нийслэлийн иргэд УИХ-д биш НИТХ-д өөрсдийг нь төлөөлөн суух хүмүүст илүү итгэж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр НИТХ-ын сонгууль УИХ-ынхтай зэрэг явагдах учраас сонгогчдын дийлэнх нь нийслэлийн иргэдийн хуралд хэний нэрийг дугуйлах вэ хэмээн бүх анхаарлаа тэр зүгт хандуулжээ. Тэгвэл НИТХ-ын сонгууль болох хугацаа ойртож, цагийн зүү урагшлах тусам өрсөлдөөн ширүүсч эхэллээ. Гэхдээ шударга бус өрсөлдөөн “даам гарч” хар пиарын сүүдэр бүрхсэн байна.
Хэн нэгнийг өмөөрч, хэн нэгнийг хаацайлах гэсэнгүй. Бөөрөнхийлж, тойруулалгүй бодит байдлыг шуудхан хэлэхэд ард иргэдийн тархийг булингартай усаар угааж буй нь ах Данзан буюу МАН-ын зүгээс хэтэрхий тод үнэртэж байна. Тэр дундаа нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж 1-ээр гарах хамгийн өндөр магадлалтай Э.Бат-Үүл болон түүний нөхөд рүү бичигдээгүй дүрэм буюу “шударга өрсөлдөөн”-ийг тэд хатуу зөрчиж, сумгүй буугаар буудаж эхэллээ. Гүтгэлэг, доромжлолын чанартай зохиомол мэдээ, материалуудыг бодит мэт дэлгэн тавьж, иргэдийн хийх зөв сонголтод сэв , зураас суулгаж байна. Энэ нь нэг талдаа ард түмний сонгох эрхэнд бүдүүлгээр халдаад зогсохгүй иргэдийн итгэл үнэмшил, оюун санааны үнэ цэнийг үгүйсгэж байгаа хэлбэр болж байгаа юм. Хоёрхон жишээ дурдъя.
Иргэдийг доромжилсон жишээ 1.
Э.Бат-Үүлийн багийг “баалах” даалгавартай бүхэл бүтэн бригад ажиллаад эхэлжээ. Ямар ч баримт, нотолгоогүй тэд аль болох олон хүнтэй газраар хэрэн тэнүүчилж, зохиомол яриа үүсгэж, иргэдийн бодлыг өөрчөх гэж үйл тамаа үзэж явна. Харамсалтай нь тэр нь хэдхэн сэдвээр хязгаарлагдана. Бат-Үүл юу ч хийгээгүй, Бат-Үүл ногоон уутнаас мөнгө идсэн, Бат-Үүл нэг настай цэцэг хотын гудамжинд суулгасан, Бат-Үүл гэр хорооллыг орон сууцжуулах ажилдаа хүүгийнхээ компанийг оруулсан. Ингээд л болоо. Угаасаа хуучирсан, явахгүй эдгээр зүйлүүдээс өөр сэдэв тэд гаргаж чадахгүй. Гарах ч үгүй.
Ард түмэн тэнэг биш. Тэдний бодолд ийм жижиг явган яриагаар нөлөөлөх гэж байгаа бол ёстой нөгөө ......... гишүүний хэлдгээр “Горьдсоны гарз голионы баас” болно. Хүмүүсийн ам дамжсан зорилтот ярианаас илүү иргэд баримтанд суурилсан зүйлд л итгэдэг болсон шүү дээ. Э.Бат-Үүл тэгвэл үнэхээр юу ч хийгээгүй юу.
2000 оноос хойш өнөөг хүртэл 12 жилийн хугацаанд хийсэнтэй ижил хэмжээний замын бүтээн байгуулалтыг дөрөвхөн жилд барьчихлаа. Хорь, гучин жил хийгдсэнээс хэд дахин их цэцэрдэг, сургууль барьж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн сурах орчинг өдий төдийгөөр бий болголоо. Гэр хорооллын мянга мянган айлыг будаг нь ханхалсан шинэ байранд оруулсаар байна. Энэ онд гэхэд 4000 гаруй, ирэх дөрвөн жилийн хугацаанд “G” хорооллыг тэр чигт нь хаус хороолол болгох мастер төлөвлөгөө хэдийнэ боловсруулчихсан ажлаа эхлэх гээд ханцуй шамлан сууна. Хотын өмнөх мээрүүдэд хөгжлийн төлөө гэсэн ийм стратегич байсан гэж үү. Тэгвэл ийм ажил хийсэн Бат-Үүл юу ч хийгээгүй гэгдэж байгаа юм бол Энхболд, Батбаяр, Мөнх-Оргил юу хийсэн болж таарах юм бэ. Харьцуулаад нэг харах хэрэгтэй. Ингэж харьцуулахад математик судалгаа, онолын том том томъёолол хэрэггүй. Нүдэнд үзэгдэж, гарч баригдаж байгааг л харчих. Тэгэхээр нэг ёсондоо МАН-ынхны энэ увайгүй, утгагүй гүтгэлэг, доромжлол нь нэгдүгээрт, Э.Бат-Үүлийн нэрийг гутаах, хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд юу ч хийгээгүйгээ далдлах гэсэн бяцхан оролдлого юм.
Тэгээд хогны ногоон уут. Энэ бол хог хаядаг хүн болгоны татварын орлогоос үлдсэн үлдэгдэл мөнгөөр хийсэн ажил юм. Харамсалтай нь нөгөөх л харлуулагчид үүнийг улс төржүүлж, арга буюу зогсоосон. Цэцэгний хувьд өвөл, зунгүй ургадаг цэцэг гэж байхгүй шүү дээ. Эцэст нь Бат-Үүлийн хүүгийн гэгдэх “Гранд лайн” компани. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн тендерт энэ компани ороход хотын мээр өөрөө “Гранд лайн гэх энэ компанийг сонгож болохгүй шүү” гэж хэдэнтэй хэлж байсан. Харин ард иргэд энэхүү бүтээн байгуулалтыг хийх бүх компанийг өөрсдөө сонгосон юм.
Иргэдийг доромжилсон жишээ 2.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ, тэр дундаа Э.Бат-Үүлийн багийнхны хийсэн бүтээн байгуулалтад ард иргэд, нийслэлчүүд л дүн тавина. Харин тэдний өмнөөс МАН-ынхан дүгнэлт хийх учиргүй. Тэгээд ч хийсэн ажилд нь бус нэр төр, гэр бүл рүү нь дайрсан бүхэл бүтэн аян өрнүүлж байгаа нь үнэхээр муухай харагдаж байна. Аргаа барсан л үйлдэл.
Дараагаар нь Э.Бат-Үүлийн хүү рүү дайрч эхэллээ. Оффшор данстай гэсэн мэдээллийг дахин дахин гаргаж, түүнийг муулах тусгай баг гаргаж тавив. Үүнд Э.Бат-Үүл өөрөө тайлбар хийж “Чулуудайтай холбогдсон оффшор дансаар ганц л гүйлгээ хийгдсэн бол би хариуцлагатайгаар албан тушаалаасаа огцоръё” хэмээн мэдэгдсэн.
Гэхдээ яг үнэндээ жингийн туухайн дээр оффшор данстай эрхмүүдийг зэрэгцүүлэн тавибал МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулна. Хэний ч танихгүй хурган дарга нараас нь өгсүүлээд хамаг бүдүүн боссуудын нэр ч тэнд цохиж явна. Тэгэхээр энэ ажиллагаа нь өөрсдийн оффшорчдыг ард түмнээс нуух тусгай ажиллагааны нэг хэсэг болж байна. Даравч далдайна, булавч бултайна гэдэг. Гудсан доогуураа хичнээн нуусан ч гурван сая иргэний нүднээс бултаж үл чадна шүү дээ.
Энэ мэтчилэн хар пиар өдрөөс өдөрт улам нарийсах нь. Нэр төртэй хэнийг ч хамаагүй хайр найргүй “буудаж” эхлэв. Үүнээс харахад НИТХ-ын сонгуульд бол Э.Бат-Үүл МАН-ынхантай үнэхээр харьцуулашгүй том өрсөлдөгч юм. Тэр утгаараа МАН-ынхан “амьд” үлдэх гэж амь тэмцэн тийчигнэж, ямар ч хамаагүй арга хэрэглэж байна. Тэгэхээр цуу ярианд бус баримтанд л итгэх нь хамгийн зөв гэдгийг эцэст нь сануулъя.
Х.Гарьд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ