“Чингисийн талбай”-д вальс бүжээрэй

img

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр “Улаанбаатар” олон улсын марафон, бүх нийтийн гүйлтийг зохион байгуулсан. Харин энэ баасан гарагт “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн цэнгүүнийг “Чингисийн талбай”-д зохион байгуулах нь ээ.

 

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад анх 1999 онд зохион байгуулжээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингисийн талбай”-д үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Энэ удаад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч  Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ нар оролцох юм. Түүнчлэн Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

 

Тус цэнгүүн энэ сарын 10-нд 17.00 цагт “Чингисийн талбай”-д эхэлнэ. Энэ өдөр “Чингисийн талбай”-н баруун талын замын хөдөлгөөнийг 16.00 цагаас 19.00 цагийн хооронд түр хязгаарлах юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ