Шударга өрсөлдөөрэй, нэр дэвшигчид ээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид батламжаа гардлаа. Цахим сүлжээ тэр чигээрээ нэр дэвшигчдийн мишээсэн зураг, мэргэн цэцэн үгээр дүүрэв. Монгол Улсын, хүний хөгжлийн төлөө үгийн сайныг ишлэн уралдаж байна, нэр дэвшигчид. Үүнтэй зэрэгцээд өрсөлдөгчөө харлуулах сөрөг пиар ч өрнөх нь.
Нэр дэвшигчдийг Сонгуулийн хуульд харшлах хууль бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болсноо зарим хүний зүгээс мэдэгдэж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчсөн талаар МУНН-ынхан мэдээлж, шалгуулахаа мэдэгдсэн. Харин Б.Гарамгайбаатар “Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр болон зарим нэг байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч миний алдар, нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг өөрийн зоргоор дур мэдэн, буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн мэдээлэл гарсанд харамсаж байна” гэсэн хариу мэдэгдэл хийсэн. Энэ мэт үйлдлүүд ар араасаа хөвөрвөл хуулийн байгууллага нэр дэвшигчдийн гомдол саналд дарагдаж, сонгогчид мэдээллийн мананд төөрөх биз. Учир нь нэр дэвшигчдийн нэг хэсэг нь хийсэн бүтээснээ, хийх зорилгоо дэвшүүлж байхад нөгөө хэсэг нь өрсөлдөгчийнхөө эсрэг хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байхад тодорхой мэдээлэл цацдаг. Тиймээс ч үнэн худлыг нь эс мэдэх мэдээлэл дунд сонгогчид төөрөлдөж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хуулиар хориглосон. Тиймээс нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл баримттай, нотолгоотой байхыг хуульд заасан.
Сонгуулийн сурталчилгаа хоёрхон хоногийн дараа албан ёсоор эхэлнэ. Гэтэл энэ үед хуулийн байгууллагынхан нэр дэвшигчидтэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэж амжих уу. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдөд нэр дэвшигчид тойрогтоо бус хуулийн байгууллагын үүд сахин сууна гэвэл үлгэр. Харин хууль зөрчсөн эсэхийг нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө шуурхай шийдвэрлэх нь хуулийнхны үүрэг. Ер нь нэр дэвшигч батламжаа авсан тохиолдол шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд жагсаалтаас хасдаг заалттай.
Сонгогчдын хувьд хэн нэгэн рүү сөрөг мэдээллийг хүлээн авахдаа таагүй ханддаг. Зарим тохиолдолд өрсөлдөгчийн дайралт тухайн нэр дэвшигчид сонгогчдын зүгээс оноо цуглуулах боломжийг нээж өгдөг. Энэ нь хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон, эс тогтоогдсоноос үл хамаарч, монгол хүний өрөвч уян чанартай холбоотой гэж үздэг.
УИХ-ын сонгуульд хуульч, эдийн засагч, дуучин, жүжигчин, тамирчин гээд 493 эрхэм нэр дэвшин эрхээ эдэлж байна. Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь ангилвал малчдаас бусад нь өрсөлдөж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдэд хууль зөрчвөл сонгогчдын саналаар бус шүүхээр шийдвэрлэдгийг өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгууль харуулсан. Сонгогчдын олонхийн саналыг авсан хэдий ч сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан үндэслэлээр Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, С.Төмөрхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй, АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарт алдсан. Тиймээс ч энэ удаа өрсөлдөж байгаа эрхмүүд хориглосон сурталчилгаанаас зайлсхийж, хуулиа дээдлэн шударга өрсөлдөнө биз.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ээс эхэлж, 17 хоног үргэлжилнэ. Тиймээс өргөдөл гомдол, мэдэгдэл хөврүүлэхгүйгээр, сонгуулийн сурталчилгааны цөөн хоногт шударга өрсөлдөөрэй нэр дэвшигчид ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ