“Цонжин болдог”-т чопперууд чуулна

img

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр “Монголын чопперчин ахан дүүс”, “Red Falcons” ТББ-аас “Талын салхи” мото наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг өнгөрсөн жил “Хүй долоон худаг”-т зохион байгуулсан бол энэ удаад “Цонжин болдог” цогцолборт  энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 

Тус наадам нь мотоциклийн спорт манай улсад аль түвшинд хөгжиж буйг харуулах, мото спортыг сурталчлах, гадны клубуудтэй хамтран ажиллах зорилготой ажээ. Тэдний цаашдын зорилт нь Азидаа томоохон мото наадам болгон өргөжүүлэх гэдгийг “Монголын Чопперчин ахан дүүс” ТББ-ын Ерөнхийлөгч С.Сүхбаяр хэлж байна.

 

Тэрбээр “Энэ жилийн наадмын үеэр бид мотоцикль унадаг залуусдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх, таниулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Энэ жил гадны улс орнуудаас 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн. Эхний зочид ирээд байна. Мөн энэ зөвхөн чопперчдын наадам биш. Мото спорт сонирхдог хүн бүрийн наадам болно гэдгийг хэлмээр байна. Ер нь чопперчидтай хамтарч ажилласнаар тодорхой үр дүн гарч байгаа. 2015 онд 85 хүн мотоциклийн осолд өртсөн бол энэ тоо энэ жил 20 болон буурсан байна" хэмээв.

 

Мото наадмыг зургаадугаар сарын 11-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр нээх ажээ. Цугласан мотоцикльчид цуваа болон хөдлөх юм байна. Улмаар “Цонжин Болдог” цогцолборт хүрч албан ёсны арга хэмжээг эхлүүлэх юм.

 

Наадам үдэш хүртэл хамтлаг дуучдын тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх аж. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд оролцох хүсэлтэй хүн тус өдөр очиж зохион байгуулагчдаас  тасалбараа авч болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ