Н.Энхбаярын гэр бүлээс заавал нэг нь Монголын төрд байх ёстой гэж үү

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон учир түүний нэр дэвшихээ зарласан 75 дугаар тойрог дээр эхнэр О.Цолмон нь нэр дэвшлээ.
Н.Энхбаярыг нэр дэвшүүлж болохгүй тухай ЦЕГ-аас СЕХ-нд хүргүүлсэн албан бичигт “Эрүүгийн тухай хуулийн 78.2.3 дахь хэсэгт заасан, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш ТАВАН ЖИЛИЙН ДОТОР энэ мэт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцно. Иймд таны ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн билээ.
Тэгвэл 75 дугаар тойрогт АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас Бишрэлт группын захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс З.Болдбаатар, МУНН-аас Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нар нэр дэвшээд байна.
Эндээс харвал О.Цолмонгийн өрсөлдөгчид ерөнхийдөө сулавтар нөхдүүд. Тэгэхээр тэрбээр энэ сонгуулиар бараг л УИХ-ын гишүүн болчих дүр зураг харагдаж байна.
2000-2004 онд нөхөр нь Ерөнхий сайд, 2004-2005 онд УИХ-ын дарга 2005-2009 онд Монгол улсын Ерөнхийлөгч байж, энэ хугацаанд тэрбээр II Филатова буюу гэргий гэгддэг байлаа.
Тэргүүн хатагтай байсан тэрбээр удам судрын хувьд бас ч түүхтэй нэгэн. О.Цолмонг Тагнуулын Ерөнхий газарт хэд хоног зөвлөхийн алба хашихдаа нөхрийнхөө казинотой холбогдсон болон бас бус хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргуулж авсан, мөн зарим материалыг буцааж өгөхдөө зассан, дутаасан байсан хэмээх нь бий.
МАХН-д О.Цолмонг дагаж бялдуучилдаг нэг хэсэг тодорч тэд өндөр албан тушаалд очдог байсан цаг үе бол дээр өгүүлсэн он жилүүд бөлгөө. Тиймээс ч түүнийг “гэргий” хэмээдэг байсан гэдэг юм.
У.Хүрэлсүх энэ тухайд “Та Ерөнхий сайд юмуу, авгай чинь юмуу” гэж хэлснээсээ болоод тэдэнд зуугдсан гэлцдэг билээ.
Өнгөрсөн өвөл задарсан “Монгол Тулгатны 100” нэвтрүүлгийн хар зургийн бичлэг дээр О.Цолмон өөрийгөө Н.Энхбаяр байтугай Ц.Элбэгдорж, С.Баяр нараас илүү “хорчин” болох тухай ярьж байгаа дүрс бий. Энэ бүхнээс харвал 75 дугаар тойргоос О.Цолмон гарах магадлалтай гэсэн үг.
Улстөрөөс одоо яваа болноо гээд байхад л буцаж зүтгээд, түүнээсээ болж хуучин андуудынхаа нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болчихоод байгаа энэ гэр бүл Монголын төрд дахин гарахын тулд ард түмэнд хайртай дуртайгаа тунхаглах шиг болж яваа. Гэхдээ Монголын төр, монголын ард түмэн энэ гэр бүлд өргүй л санагдана. Тэдний гэр бүлээс заавал хэн нэг нь Монголын төрд байх ч ёсгүй.
Г.Самбаа
эх сурвалж: Gereg.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ