Иргэд ярьж байна: Худлаа үнэн нь мэдэгдэхгүй хувьцааг бодит гэдгийг харуулж чадлаа

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд өнөөдрөөс эхлэн 1072 хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдаалах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс арилжааны банкуудын ачаалал ихэсчээ. Ялангуяа “Хаан” банкаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, заалаар нь дүүрэн хүнтэй байна. Харин “Голомт” банкны хувьд харьцангуй гайгүй хүнтэй байгаа бол “Төрийн банк”-нд хувьцаагаа зарах гэсэн иргэд бараг байсангүй. Ачаалал маш бага байна.
Хэдийгээр хувьцаагаа зарах гэсэн иргэд номер дугаар авахгүй тусгай цонхоор үйлчлүүлж байгаа ч “Хаан” банк пиг дүүрэн хүнтэй байгаагаас болж тус банкаар гүйлгээ хийх гэсэн иргэд үйлчлүүлж чадахгүй үүднээс нь буцаж байна.
Арилжааны банкуудын зааланд дугаарлаж буй иргэдийн дийлэнх нь Засгийн газар хувьцааг худалдан авч байгаад ихээхэн сэтгэл хангалуун байгаа харагдлаа. Тэд “Үнэн худлаа нь мэдэгдэхгүй цаасыг бодит гэдгийг харуулж, худалдан авч байгаа нь сайшаалтай. Нэг айлд гэхэд 4 хүн хувьцаатай байлаа гэхэд гэртээ нэг сая 200 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийж байна” гэхчлэн ихээхэн ам сайтай байв.
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Алтанцэцэг /тэрбээр зургаа авахуулахаас татгалзав/
-Хувьцаагаа зарахаар ирлээ. Хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг хувьцаа байгаад л байдаг. Хүмүүс хэрэгтэй гэж ярьдаг ч яг ямар ашигтай нь мэдэхгүй яваад л байсан. Харин Засгийн газраас 30 хувийг нь ч болов худалдан авч байгаа нь зөв алхам гэж дүгнэж байна. Манай гэр бүл 6 гишүүнтэй. Үүнээс 4 нь нас биед хүрсэн. Тэгэхээр манай гэр бүл нэг сая 200 мянган төгрөгтэй болохоор байна. Энэ бол их мөнгө. Засгийн газар зөв алхам хийлээ л гэж харж байна.
Баянгол дүүргийн иргэн Г.Төгсжаргал:
Уг нь бол хувьцаагаа зармааргүй байна. Байж байвал хэрэгтэй байх. Гэтэл учир мэдэх хүмүүс “Зарсан нь дээр зах зээл муу байгаа учраас бирж дээр гарлаа гэхэд үнэд ортлоо ахиад 3-4 жилийн хугацаа хэрэгтэй гэх юм байна ш д”. Тиймээс авъя гэж байгаа дээр нь зарчихая гэж бодоод л зарахаар ирлээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Н.Ёндонжамц:
Ард түмний амьдрал хэцүү байгаа юм чинь зарсан нь л дээр гэж бодож байна. Нэг айлд бага ч гэсэн нэмэр болно. Зарим хүмүүс сонгуулийн өмнө гэж бухимдаж л байна. Харин ч хувьцааг хөдөлгөөнд оруулж байгаа зөв эхлэл гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Ё.Болортуул:
Уг нь зөв шийдвэр. Хүн болгон мөнгөний хэрэгцээтэй байгаа учраас зарахаар ирсэн. Гэхдээ заавал 18 хүрсэн иргэд гэж нас заасан нь жаахан буруу юмуу даа гэж харж байна.
Арилжааны банкуудад ачаалал үүсгэж байгаа нь иргэд харилцдаг банкаасаа авна гэсэн ойлголттой байгаа аж. Уг нь бол зөвхөн өөрийн харилцдаг банкиндаа хувьцаагаа зарна гэсэн хатуу шаардлага байхгүй. Тиймээс аль ч банкны салбарт үйлчлүүлж болно гэдгийг банкны ажилчид хэлж байна. Мөн “Хаан”, “Голомт” банкны хувьд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс маягт авч гурван хувь бөглөх, иргэний үнэмлэхээ маягтын ард давхар канондаж очиж байгаа бол “Төрийн банк”-нд иргэний үнэмлэхээ аваад очиход л хангалттай аж.
Иргэддээ дуулгахад, материалаа бүрдүүлж өгснөөс хойш долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох гэнэ. Ингэхдээ 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь хувааж өгөх юм байна.
Б.Саран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ