Хуулийнхны цэгцлэх хориотой сурталчилгаа

img

Нэр дэвшигчдийн мишээсэн зурагт хуудас наасан микро автобуснууд нийтийн тээвэрт сүлжилдэж, малгай, цамцаар жигдэрсэн ухуулагч залуус уриа лоозонг нь ухуулан явж, гудамж талбайд нэр дэвшигчдийн зурагт самбараар чихцэлдсэн, нийслэлчүүд бүхэлдээ сонгуулиар амьсгалж байгаа. Нийтийн тээвэр, албан байгууллага, уушийн газарт тухалсан хэн бүхэн сонгуулийн сэдвийг хөндсөөр. “Журмын хашаанд нэр дэвшигчийн зургийг наасан микро орж байсан, бодвол зөрчил гаргаа биз. Манай тойрогт эндхийн унаган иргэн нэр дэвшиж байгаа гэсэн. Зүсийг нь ч хараагүй юм билээ, өөр газар амьдардаг биз. Өглөө ажилдаа явахаар автобус хүлээж байтал манай тойрогт нэр дэвшиж байгаа гээд нэг залуу байхаар нь автобусны карт өгч байна гэж хүмүүс андуурч шаваад. Тэгсэн нэрийн хуудас нь байсан юм билээ” гэх зургаар иргэд өөр хоорондоо хууч хөөрсөөр.

 

Ийнхүү сонгуулийн сурталчилгаа сонирхолтой өрнөж байна. Сурталчилгааны самбар, хэвлэл материал дахь үг, үсэг найруулгын алдааг ярилтгүй. Сурталчилгааны багт нь ажиллаж байгаа зарим эрхмүүд нэр дэвшигчдээ мандуулах байтугай хөөтэй хутгаж байгаагаа мэдэрмээр. Нэр дэвшигчид пиартаа хуучны арга технологийг ашигласнаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шинэ нэр дэвшигчид сурталчилгааны зурагт самбаруудыг сийчлэн урж, араас нь мэдэгдэл хийн олонд танигддагүй арга хэрэглэдэг. Энэ сонгуулиар дээрх үйлдэл давтагдаж, өрсөлдөгч багийнхны зүгээс зурагт самбарыг нь урж, эвдсэн мэтээр олон нийтийн анхаарлыг татах гэдэг  “уламжлалт” арга хэрэглэгдэж байна лээ.  Гэхдээ үүнийг сонгогчид анхааран хүлээж авахаа нэгэнт больсон, хоцрогдсон, арга ядсан арга хэрэгсэл мэтээр хайнга ханддаг болсон.

 

Сурталчилгааны эхлэл үедээ явж байгаа хэдий ч нэр дэвшигчдийн хоорондох өрсөлдөөн явцын дунд улам ширүүсэх төлөвтэй.  Хөгжлөөрөө хоцрогдсон ч мэдээлэл технологийн эрин үетэй бид хөл нийлүүлэн яваа. Зураг түүх өгүүлнэ гэдэг шиг ведио бичлэг үйлдэл өгүүлдэг. Тиймээс сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөгчдийнхөө эсрэг мэдээллийг баримтжуулахдаа дүрс бичлэгийг түлхүү ашиглаж, хязгааргүй орон зайтай интернэт сүлжээнд байршуулах аргыг илүүтэй хэрэглэх хандлагатай байна. Ингэхдээ ажил хэргийн бус хувийн асуудал руу өнгийж, хэн нэгнээс сонгуулийн сурталчилгааны үеийн биш санаандгүй тохиолдлоор  бичигдэн хадгалагдсан бичлэгийг сөхөн тавьж байгаа нь харамсалтай.

 

Хуулиараа сонгуулийн сурталчилгааны үеэр өмнө нь телевизээр нэвтрүүлсэн нэвтрүүлгийг давтан гаргахыг хориглосон. Сонгуулийн сурталчилгааны үеэр зөвхөн шинэ нэвтрүүлэг гаргах ёстой  гэж заасан. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа таваар хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүй, хөнгөлөлттэй үнээр явуулах, нийтийг хамарсан биеийн тамирын  уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах зэргийг хориглосон. Сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа хийх хориглосон. Үүн дотор сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хоригложээ.

 

Сонгуулийн сурталчилгааны зөрчилд сонгогчдод хууль бусаар бэлэн мөнгө, эд зүйл тараасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх заалттай. Харин нэр дэвшигч өрсөлдөгчөө шантаажлах, мөнгө авах, зээлсэн тохиолдолд хэрхэх талаар тусгаагүй байна. Нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой нэр дэвшигч н.Алтаншагай, н.Бат-Ялалтын тараасан бичлэг Сонгуулийн хуулийн зөвшөөрсөн хийгээд хориотой заалтын алинд нь хамрагдах вэ? Хуулиас давсан зохион байгуулалттай үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгагдах уу. Сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт гарсан дээрх үйлдлүүдийг хууль хяналтын байгууллага шуурхай шалган тогтоож, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай биз. Нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө хувийн асуудлыг ухсан, хайсан, мөнгө шантаажилсан, нэгэндээ мөнгө зээлдүүлсэн гэх мэт сүлжилдэн орооцолдсон энэ мэт уйваагүй үйлдэл сонгуулийн хэд хоногт сонгогчдыг төөрөгдүүлсэн сенсааци дуусахгүй. “Хошууны бузар болгоныг уудлах гэвэл далай гэсэн үг” хэмээн Итгэлтийн хэлдэгчлэн томчуудын, тэр дундаа Төрийн ордны хуйвалдаан, хор, бузар булайг энэ хэд хоногт дэлгээд ч дуусахгүй.  Өрсөлдөгчөө намнах  зорилготой сонгуулийн хар пиар, үйлдлийг хуулийн байгууллага л цэгцлэх үүрэгтэй.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энхлэн их солиорооч. Энэ хулгайчууд өөрсдөө тэр сурталчилгааны бурууу зөвийг хариуц, өрсөлдөгч нь хяна. Үүнийг хуулийн байгууллага хянах, цагдах үүрэг байхгүй.
2016-06-16