Крис Брауны бүжиг дэглээчид Монголд иржээ

Чөлөөт бүжгийн “Aim4r” продакшны бүжигчид үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойгоо тохиолдуулан “Aim4R Dance Festival”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестивальд дуучин Крис Брауны бүжиг дэглээчид оролцохоор манай улсад ирээд байгаа юм байна.
“Aim4r” продакшны захирал Т.Саруултөгс, дуучин Крис Брауны бүжиг дэглээчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Улмаар бүжиг дэглээч Ри Хата, Ди Бласт нарыг урьсан аж. Тэд манай улсад зохиогдох гудамжны бүжгийн олон улсын фестивальд оролцохоор иржээ.
Энэ талаар Т.Саруултөгс “Би гуравдугаар сард Сингапурт “Summer jam dance” camp сургалтанд оролцохдоо анх удаа тэдэнтэй уулзаж байлаа. Би тасралтгүй найман жил бүжиглэж байна. Гэхдээ Ри Хататай уулзаад бүжгийн сургалтанд нь суусны дараа XXI зуунд, 2016 онд бүжгийн ямар хэв маяг моодонд орж, хөгжмийн хэмнэлд хүмүүс яаж бүжиглэж байгааг хараад энэ хүн заавал Монголд ирэх ёстой гэдгийг ойлгосон. Монголчууд дэлхийд Монголоос гадна ийм юм байдаг гэдгийг мэдэх ёстой гэж бодсон юм. Монголд ирээд “Jam Republic” агентлагтай холбогдож, Монголд зохион байгуулах гэж байгаа үйл ажиллагаагаа танилцуулаад тэднийг авчрахаар болсон” хэмээн ярьжээ.
“Aim4r Dance Festival”-ийг энэ сарын 17-ны өдөр “Цонжин болдог” цогцолборт зохион байгуулагдах “Хүннү мюзик фестиваль”-ийн үеэр хамтатган зохион байгуулах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ