Хууль санаачлах эрхийг мөрдөх үүрэг дагалддаг

img

Гэрэл зургийг MPA.mnПарламентат засаглалтай манай улсын хувьд өнгөрсөн 25 гаруй жилийн хугацаанд “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” гэдэг үг нийгмийн уриа лоозон болсоор ирсэн. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Эндээс батлан гаргасан хуулийг иргэн бүр мөрдөн хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын гишүүнд хууль санаачлан боловсруулах дээд эрх хадгалагддаг. Тиймээс ч парламентын бүрэн эрхийн хугацаанд гишүүн бүр санаачлан боловсруулсан хуулиа батлуулах гэж зүтгэдэг. Хэрвээ санаачлан боловсруулсан хууль нь аль нэг шатандаа гацах, хавар, намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй байвал тухайн гишүүн хуулиа хэлэлцүүлэхээр хүчээ дайчлан чармайдаг билээ. Цаашлаад хавар, намрын чуулганы хаалтын үеэр “миний санаачлан боловсруулсан хуулийг хэлэлцүүлсэнгүй” гэх гомдол олон гишүүнээс гарч, УИХ-ын даргад уур бухимдлаа гаргадаг. Үүний уншигч та бүхэн чуулганы хаалт, нээлтийн хуралдааны үеэр харж байсан биз.

 

Зарим гишүүн санаачлан боловсруулсан хуулийг нь хэлэлцэхгүй бол “Миний хууль санаачлах эрхэд бүдүүлгээр халдлаа” гээд мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийдэг. Энэ хаврын чуулганы үеэр хэд хэдэн гишүүн ийн бухимдалтай байсныг зарим эрхмүүд санаж байгаа байх. Парламентын дөрвөн жилийн хугацаанд нэг хууль санаачлан батлуулах гэж хичээгээд тусыг эс олсон УИХ-ын экс гишүүн ч байдаг. Эрхэм түшээд санаачилсан хуулиа хэлэлцүүлэн олонхийн дэмжлэг авахын тулд хуралдаан оролцоогүй гишүүдийн кноп дарах батлагдах хүртэл нь хүчин чармайлт гаргана. Хэлэлцүүлгийн шатанд анхны өргөн барьсан хуулийн төслийн хувилбараас өөрчлөгдөх, нэмэлт орох гээд асуудал их. Зарим гишүүнийг өөрсдөдөө зориулан хууль батлууллаа ч гэж шүүмжилдэг.

 

Зарим хуулийн төсөл хэлэлцэх үед ашиг сонирхлын  зөрчилтэй гээд гишүүд хуралдаанд оролцдоггүй. Учир нь тухайн гишүүний өмнө нь эрхэлж байсан ажил алба, бизнестэй холбоотой асуудал хөндөгддөг.

 

Санаачлан өргөн барьсан хуулиа батлуулсан хэсэг нь мөн л хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдээ сурталчилдаг. Хавар, намрын чуулганы завсарлагаанаар гишүүд сонгогчидтойгоо уулзахдаа ярих үндсэн ажил нь парламентаас батлагдсан хуулиуд. Тухайн чуулганаар парламентаар бодлогын шинжтэй, нийгэмд хандсан ямар ямар хууль баталсан. Аль хуулийг батлахад тухайн гишүүн ажлын хэсгийг ахалсан, гишүүнээр ажилласан. Мөн өөрөө ямар хууль санаачлан боловсруулж батлуулснаа сонгогчдодоо тайлагнан сурталчилдаг. Үүний зэрэгцээ парламентаас батлагдсан болон өөрийнх нь санаачлан батлуулсан хууль нийгэмд хэр мөрдөгдөн хэрэгжиж байгаа үр дүнтэй нь танилцаж, олон нийтийн саналыг сонсдог.

 

“Хуулийг иргэн бүр мөрдөх ёстой. Тэр дундаа батласан гишүүд өөрсдөөсөө эхлэн хуулиа даган мөрдөж үлгэрлэх ёстой” гэдгийг үе үеийн парламентын гишүүд ярьдаг. Тэр дундаа санаачлан боловсруулж баталсан хуулиа тухайн УИХ-ын гишүүд өөрсдөө бодитоор үлгэрлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Хууль зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь зааж өгсөн байдаг. Тиймээс олон нийт өөрсдийн салбарын, нийгэмд чиглэсэн хуульд өөрчлөлт орох, батлагдахад чих тавин анхаарч сонсдог. Ялангуяа өдөр тутмын амьдралд хэрэгжих хуулинд хянуур ханддаг билээ. Нийслэлд өдөр тутам өргөнөөр мөрддөг хуулиудын нэг нь Замын хөдөлгөөнийг зохицуулах тухай хууль. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл төдийгүй явган алхаж байгаа иргэнд нь энэ хууль хамааралтай. Явган зорчигч ногоон гэрэл, цагаан шугам зөрчвөл мөнгөн торгуультай. Тиймээс иргэд автомашины хөдөлгөөн сийрэг ч ногоон гэрэл астал хүлээж, хуулиа мөрддөг болсон.

 

Иргэд ийн хуулиа мөрдөж байхад хуулийг баталсан, тэр дундаа санаачлсан УИХ-ын гишүүд хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг улам нь бөхөөж буй үйлдэл. Олон нийтэд тал засч, нийгэмд сайхан харагдах гэж хуулийг санаачлан баталдаггүй. Нийгэм, цаг үеийн захиалга, шаардлагаар зарим хуульд өөрчлөлт оруулж, заримыг нь шинэчлэн найруулдаг. Төрд иргэдийн итгэх итгэл алдарч байгаатай төрийн бус байгууллагаас гаргасан судалгаа хамаарахгүйгээр УИХ-ын гишүүд ч, олон нийт ч санал нийлдэг. 

 

Хэдхэн хоногийн дараа УИХ-ын шинэ парламент бүрдэнэ. Сонгуульд ялалт байгуулсан эрхмүүдэд хууль санаачлан эрх шилжинэ. Хууль санаачлах энэ дээд эрхийг басхүү мөрдөх үүрэг хамт дагалддаг. Тиймээс УИХ-ын гишүүнээр сонгогдохоор өрсөлдөж байгаа эрхмүүд хуулиа чанд мөрдөж, төрөө дээдлээрэй.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хуулийг иргэн бүр мөрдөх ёстой энэ өгүүлбэр цагаан цаасан дээр хараар бичигдэж ном болж гарсаныг насанд хүрсэн хүн болгон мэднэ. Энийг тунхаглаад байгаа нөхдүүд өөрсдөө эсэргээр нь хэрэгжүүлээд байгаа. Энэ байдал даамжирсаар монгол улс эдийн засгийн дампуурлын ирмэгдээр ирээд байна даа. Их мэдэгчээ. Үүний оронд энэ хууль санаачилж байгаа нөхдөөс монголын хувь заяг хэн гэдэг аавын хүү, хэн гэдэг нам бүлэглэл гүн ангал уруу оруулаад өөрсдөө ганц ч удаа наймаа хийж үзээгүй, компани удирдаж үзээгүй байж баяжиад байгааг тодруулах хэрэгтэй. Тэд үүний эздийг сайн мэдэж байгаа.
2016-06-17