О.Дугарсүрэн: Миний 60 гаруй самбарыг сүйтгэчихлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 13-р тойрогт МАХН-аас нэр дэвшиж буй О.Дугарсүрэнгийн сурталчилгааны 60 гаруй самбарыг урж, эвдэлсэн байна. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Та нийт хичнээн самбар байршуулсан бэ?
-Би анх удаа сонгуульд өрсөлдөж буй залуу хүн учраас олон нийтэд өөрийгөө таниулах үүднээс нийтдээ 100 гаруй сурталчилгааны самбарыг гудамжинд байршуулсан. Гэтэл энэ сарын 11-нээс хойш нийтдээ 66 орчим самбараа эвдүүллээ. Миний бодлоор танхай этгээд хувь хүмүүс эвдлээгүй. Нэг шөнийн дотор 10-15 самбарыг байршил бүрээр нь эвдсэнээс харахад эсрэг намын зохион байгуулалттай үйлдэл гэж бодож байна. Ийм байдлаар нэгнийгээ сэтгэл санаа, цаг хугацаагаар хохироож хорлож байгаа нь увайгүй үйлдэл юм.
-Эсрэг намынхан гэдгийг тодорхойлж болох уу?
-Миний бодлоор бие даагчид эвдэхгүй. Учир нь тэдэнд ийм зүйл хийх соёлгүй, ухамсаргүй хүн байхгүй юм шиг надад харагдаж байгаа. Тийм олноор нь эвдээд явах цаг хугацаа, мөнгө хөрөнгө ч байхгүй. Самбарыг эвдлэхийн тулд сонгуульд өрсөлдөж байгаа хүн өөрөө эвдэхгүй. Хүн хөлсөлж мөнгө төлж захиалгаар хийлгэж байгаа. Тийм учраас би бие даагчид гэж бодохгүй байгаа. Надтай нэг тойрогт буюу НИХ-ын 13-р тойрогт гурван хүн л өрсөлдөж байна. АН-аас Т.Баясах гэж хүн өрсөлдөж байгаа. МАН-аас Т.Цэрэнноров гэж хүн өрсөлдөж байна. Тэгэхээр би хувьдаа энэ хоёр хүний аль нэг нь л хийсэн юм болов уу гэж бодож байна. Гэхдээ хараагүй учраас би яг тэр гэж хэлж болохгүй.
-Цагдаагийн байгууллагаас сурталчилгааны самбарыг хүүхдүүд урсан болохыг тогтоосон байсан. Та хүүхэд гэж бодохгүй байна уу?
-Хүүхдүүд томоогүйтлээ гэхэд хэзээ ч ийм олноор нь давтан давтан самбар урахгүй. Би бол хүүхэд гэж бодохгүй байна. Тэгээд ч өдөр бүр ганцхан минийх л устгагдаад өрсөлдөгч хоёрынх болохоор зүгэээр байгаад байдаг.
-Та энэ асуудлаар цагдаад хандсан уу?
-Би цагдаагийн байгууллагад хоёр удаа хандсан. Тэндээс бид шуурхай арга хэмжээ авна. Эргээд 24 хоногийн хугацаанд хариу өгнө гэсэн. Гэтэл энэ хугацаа нь дуусахад сонгууль ч дуусна гэсэн үг. Сонгууль дууссаны дараа бид тэр хариуг нь аваад үр дүн байхгүй.
-Урагдсан самбаруудаа эгнүүлээд хашаанд наажээ. Энэ ямар учиртай вэ?
-Ард түмэн буруу ойлгоод байгаа юм. Намайг өөрөө авчраад энэ ингээд нэгд нэгэнгүй наасан гэж харж байна. Хэрвээ тэгж бодож байгаа бол үгүй шүү. Ард түмэн бодит үнэнийг хараг гэдэг үүднээс эвдэрч, урагдсан самбаруудаа энд бөөгнүүлж дэлгээд байгаа юм. Өнөөдөр л гэхэд 30 гаруй самбарыг энд авчирч наалаа. Одоо дахиад араас нь уранхай самбаруудыг авчирж байна. Бид өдөр болгон шинээр самбар хийлгэж байршуулж байгаа. Урагдсан самбар бүрээ энд авчирч нааж байна даа.
-Өрсөлдөгч нартаа хандаж юуг уриалмаар байна?
-Бид чинь залуу хүмүүс байна даа. Шударга өрсөлдөцгөөе л гэж хэлмээр байна. Ийм бохир заваан зүйл хийж байгаа хүмүүс НИТХ-д ороод ард түмний амьдралыг авч явна гэдэгт би итгэхгүй байна. Ард түмэн ч гэсэн энэ хүмүүсийн энэ үйлдлийг олж хараасай гэдэг үүднээс уранхай самбараа салбайлган өлгөөд “Шударга өрсөлдөцгөөе” гэдэг лоозон тавиад байгаа юм. Сонгуулийн хуульд ийм лоозон байршуулж болохгүй гэсэн зүйл байхгүй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ