2012 онд бидний сонголтоор сонгогдсон эрхэм парламентчид маань чуулганы хаалтаа ч хийх ухаангүй сурталчилгаандаа гүйж байна. Ирэх дөрвөн жилд дахин парламентын танхимд суухын төлөө хамаг хүч бололцоогоо дайчилж буй тэд маань өмнөх ажлаа дуусгаагүй байгаа. Парламентын албан ёсны сайтад мэдээлснээр бол сонгуулийн өмнөх өдөр буюу энэ сарын 28-нд З.Энхболдын багийнхан төгсгөлийн хуралдаанаа хийх гэнэ. Зарим хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсоод хаалтаа хийнэ хэмээн мэдээлжээ. Сонгуулийн сурталчилгаа хаагдаж, амсхийх зуураа хаалтын хуралдаанаа хийж, дөрвөн жилийн ажлаа дүгнэх бололтой. Гэхдээ хуралдааны ирц бүрдэнэ гэж найдах хэрэггүй л болов уу. Хөдөө орон нутагт нэр дэвшиж буй эрхмүүд чуулганаа хаах гэж хотыг зорих нь юу л бол.
УИХ-ын даргын чуулганы хуралдааныг завсарлуулсан захирамж энэ сарын 23-нд дуусгавар болсон. Тэгэхээр энэ өдрөөс эхлээд УИХ-ын гишүүд Төрийн ордонд ирж ажлаа хийх ёстой гэсэн үг. Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гурван ч байнгын хорооны хуралдаан зарлагдсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хоёр нь хуралдаагүй. Эрхэм түшээд сонгуулийн сурталчилгаагаа хийгээд ажилдаа ирээгүй гэсэн үг. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хоёр хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ гээд гаргасан. Хуваарь ёсоор чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригт буюу өчигдөр зарлагдсан ч хэн ч ирсэнгүй. Өглөөний 09.00 цагт эхэлнэ хэмээн цагаан дээр хараар бичсэн УИХ-ын даргын зөвлөлийн шийдвэрийг хэн гуай ч тоосонгүй.
Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр энэ парламент төгсгөлөө тун тааруухан хийлээ. Улс төрийн зорилгоор чуулганы хуралдааныг завсарлуулсан нь улс орны цөөнгүй ажлыг хойш татав. Хэлэлцэж шийдвэрлэх байсан олон асуудал цаг хугацаа хожимдож, дараагийн шинэ парламент руу шилжих нь тодорхой болов. Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой хэд хэдэн хуулийг төслийг “эцсийн найруулга сонслоо” хэмээн халтуурдаж, алх тогшоод танхимаас гаргах нь тодорхой боллоо.
Энэ парламентын бүрэлдэхүүн бараг 100 хувь нэр дэвшиж буй. Тав, зургаахан гишүүн дахин нэр дэвшээгүй. Тэгэхээр шинээр бүрдэх парламент нөгөө л хууччуулаар дүүрнэ гэсэн үг. Хуралдаа ирдэггүй том толгойтнууд, таслагчид, хоцрогчид. Зөвхөн нэр нь л шинэ парламент.
В.Хэрлэн