Сонгуульд бэлэн

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Маргааш  монголчууд ээлжит сонголтоо хийнэ. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бид дөрвөн жилд нэг удаа төрд төлөөлөх хүнээ сонгож, парламентаа бүрдүүлдэг. 18 хоногийн хугацаанд үргэлжилсэн сурталчилгааны хугацаа өндөрлөж, сонголт хийх мөч тулан ирээд байна. Сонгуулийн энэ өдөр иргэдэд саналаа өгөх бүхий л боломж бололцоогоор хангах юм. Тухайлбал:

 

Санал өгөх байраа эндээс хараарай

 

Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:

 

Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь
Сонгино хайрхан дүүрэг   - 205,276 буюу 22.2 хувь
Баянгол дүүрэгт                 -140,846 буюу 15.2 хувь
Чингэлтэй дүүрэгт              -111.022 буюу 12.0 хувь
Хан-Уул дүүрэгт                  -105.874 буюу 11.5 хувь
Сүхбаатар дүүрэгт             -96.265  буюу 10.3 хувь
Налайх дүүрэгт                   -23,976 буюу 2.5 хувь
Багануур дүүрэгт                -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэлтэй байна.

 


 

Бүх нийтээрээ амарна

 

Иргэдийг сонгуульд оролцож, саналаа өгөх боломжоор хангах зорилгоор 6 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод,  модон  материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн  долоон хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлжээ.

 


 

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 29 буюу ирэх лхагва гаригт явагдана. Энэ өдөр нь бүх нийтийн амралтын өдөр. Тиймээс эл өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

        


                   

Архи, согтууруулах ундаа зарахгүй

 

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим  арга хэмжээний тухай А/499 дугаартай захирамж гаргасан. Захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм.  Энэ өдөр зохион байгуулах  ямар ч арга хэмжээнд  холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй аж. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй юм байна.
Түүнчлэн өмнөх сонгуулиудын жишгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс  нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллах юм байна.   

   


 

Цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

 

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө. Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.

 


 

Гол гаталж саналаа өгөх 30 мянган иргэнд үйлчилнэ

 

Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан мэдээтэй байна.  Иймд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүллээ. Тус үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батүүлийг дэмжинэ ээ
2016-06-28
Зочин:
за Батүүлээ дэмжий дөө
2016-06-28