Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2016 оны НИТХ-ын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийг хүргэж байна.
Тэрбээр “НИТХ-ын сонгуулийн дүн гарсан байна. Энэ дүнгээр Нийслэлийн АН 11, МАН 34 суудал тус тус авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Би юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороонд талархлаа илэрхийлье. Сонгуулийн үйл ажиллагааг маш сайн зохион байгуулсан. Мөн Нийслэлийн нийт иргэд тэр дундаа болж өнгөрсөн сонгуульд биднийг дэмжсэн иргэдэд талархлаа илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэл хотыг ид шидтэй мэт өөрчлөхөд Нийслэлийн иргэд дэмжиж оролцсонд талархлаа илэрхийлэхийг би хүсч байна. Ямартай ч Нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага маш өндөр болсон гэдгийг дараа дараагийн шинэ удирдлага анхаарч ажиллана гэж найдаж байна. Сонгууль үнэндээ бидний хувьд нэн ялангуяа Нийслэлийн АН-ын хувьд улс төрийн цунами байлаа гэж шууд хэлье. Цунами гэдэг бол урьдчилан тааварлах аргагүй гамшиг тохиолддог үйл явц. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч эсрэг үр дүн гарлаа. Тийм учраас маш том цунами боллоо гэж би хэлмээр байна.
Бүтээн байгуулалтаас илүү түүнийг харлуулсан сонголтыг олон сонгогч хийлээ. Монголчууд гүтгэлэг дайралтад дургүй гэдэг зүйл эргэлзээнд орлоо. Утга учиргүй гүжирдэн дайрч муулчлах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа. Ямар ч үндэслэлгүйгээр гүжирдэж сонгуульд ялж болдог юм байна гэдэг жишиг тогтлоо. Үүнээс улбаалан нийгмийн санаа бодолд маш их хор уршиг тарьсан улс төрийн шинэ хандлага тогтлоо. Цунами гэдгийг утга учир энэ байна. МАН үнэмлэхүй байдлаар НИТХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Манай монголчуудын хэлдгээр тус намд бор халзан хонь байхад л сонгогдчихоор ийм сонгууль боллоо. Энэ бол өнөөдөр хэлж чадах хамгийн бодьтой зүйл.
Нэгдүгээрт, бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр зогсох эрсдэлд орох вий гэж санаа зовж байна. Үүнийг зогсоож болохгүй. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлаас гарах гарц нь энэ. Өөр гарц үгүй.
Хоёрдугаарт, “Төрийн үйлчилгээний супермаркет”. Дарга нар ширээнийхээ дор нуудаг байсан зүйлийг төрийн үйлчилгээний супермаркетын лангуун дээр тавьж ард иргэдэд ил болгох ажил маш эрчимтэй явсан. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байна. Үүнийг шинэ эрх баригчид орхигдуулж болохгүй.
Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг гацааж, зогсоож болохгүй. Тэгэх вий гэж би санаа зовж байна. Энэ хөтөлбөр Нийслэлийн соёл урлагийн амьдралыг маш их өөрчилсөн. Хэзээ ч манай сонгодог болон үндэсний урлаг түүхэндээ ийм хэмжээний дэмжлэгийг Нийслэлээс авч байгаагүй. Энэ үйл ажиллагаа зогсвол харамсмаар зүйл болно. Нэн ялангуяа Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй.
Дараагийн удирдагчид Улс, нийслэлийг удирдахдаа өмнөх шиг мафийн бүлэглэлээр удирдах үйл ажиллагаа газар авах юм бол улс, нийгэм, үндсэн хууль, ардчилалд маш ноцтой асуудал үүснэ. Би үүнд их санаа зовж байгаа. Мафийн бүлэглэл маягийн удирдлагийн арга барилыг цааш нь үргэлжлүүлэх гэж оролдох юм бол нийгмийн тогтворгүй байдал бий болгож ноцтой байдал үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Тийм учраас сайн засаглахыг тэдэнд хүсч байна.
Итгэл хүлээлгэсэн иргэдийн нэр төр, итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажилласан гэдгээ би бардам хэлэх байна. Залуусын хөгжиж болно гэсэн итгэл найдварын очийг асааж ажиллаж чадсан гэдгээ би энд хэлэхийг хүсч байна” хэмээв.
Хурлын төгсгөлд тэрбээр Нийслэлийн АН-ын даргын хувьд намын зөвлөлдөх хурлаа хуралдуулан намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавихаа мэдэгдлээ.
Г.Тэгшсүрэн