Ч.Хүрэлбаатар гишүүнээс болж 22 хоногтой нярай амиа алдсан уу

Ээлжит сонгуулийн үеэр хууль зөрчиж, УИХ-ын гишүүний суудлыг хууль бусаар авсан тухай гомдол ар араасаа гарч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны өөртөө санал өгүүлэхээр хүн зөөж буй бичлэг цахим ертөнцөд цацагдсан бол анхан шатны шүүх хоёр ч гишүүний мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байгаа.
Мөн өнөөдөр Завхан аймгийн МАН-ын хороо АН-ын гишүүдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийхээр болсон билээ. Тэгвэл, Увс аймагт мөн л хууль бус асуудал гарч эхэлсэн байна. Увс аймгийн АН-ын хорооноос энэ талаар мэдээлэл хийсэн юм. Мөн тус аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатартай холбоотой нэгэн таагүй мэдээлэл цахим сайтуудаар гарч эхэллээ.
Тодруулбал, Ч.Хүрэлбаатарын менежер Бадарч овогтой Бат-Эрдэнэ Түргэн сумын Рашаант багт санал өгүүлэхийн тулд иргэн Чулуунбаатарын гэр бүлд тус бүр 50.000 төгрөг өгч, битүү автомашинаар 150 км газар 30 хүний хамт тээвэрлэснээс болж 22-хон хоногтой нярай хүү Бум-Эрдэнэ амьсгал зүрх судасны дутагдалд орж амь эрсэджээ. Аймгийн Ардчилсан нам дээр дээрхи үйл ажиллагааг эсэргүүцэж, Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандсан гарын үсэг цуглуулж эхэлсэн аж.
Талийгаач хүүгийн аав ээжийн нэр дэвшигчээс 50 мянган төгрөг авснаа хүлээсэн бичлэг ч фэйсбүүк хуудсаар цацагдаж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ. Харин эрхэм гишүүн энэ талаар өнөөдрийг хүртэл ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Ч.Хүрэлбаатар нь өмнөх сонгуулиар мөн л мөнгө тараасан хэрэгт холбогдож Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахаар ажиллаж байсан залуус хэргээ үүрэн хоригдож байгаа билээ.
Б.Эрхэс
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ