АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ “18 мянган сонгогч орон нутагт олноор нэмэгдсэн байна. Яагаад гэвэл 18 мянган сонгогчид өөрийн биеэр ирээгүй байхад сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэн, хууль зөрчжээ. Сонгуулийн хууль зөрчсөн асуудал байхад 76-ууланг нь тангараг өргүүлж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн байгууллага шийдвэрлэсний дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Олон хууль зөрчөөд УИХ-ын гишүүн болоод явна гэдэг зохимжгүй. Тийм учраас хуулийн, төрийн байгууллагууд ажлаа хийцгээ. Сонгогчдын саналыг хүндэтгэж байна. Төрийн албан хаагчдадаа найдаж бид сонгуульдаа орсон. Гэтэл саналын хуудас аваагүй газар нэмэлт саналын хуудас хаанаас гараад ирэв гэдгийг хуулийн байгууллага нягтлан шалгах ёстой. АН шаардлага тавина. Төрийн байгууллага олон түмэнд ил тод байлгах үүрэгтэй.
Гарын үсгээ зурж саналын хуудас авдаг асуудалд Хан-Уулаас бусдынх нь саналыг өгөхгүй байна. Одоо Хуульзүйн байнгын хороог хуралдуулж, энэ асуудлаар хуулийн байгууллага шалгах үүрэг өгнө. Нэг тойрог дээр 234 саналын хуудас илүү тоологдсон байна. АСЕМ-аас болж хуулиа зөрчиж төр байгуулж болохгүй. Анхдугаар чуулган хуралдуулахаар зарлалаа хэмээлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хар машинд илүү саналын хуудас орсны бурууг хэн хариуцах вэ?
-Улсын бүртгэлийн газар хариуцна. СЕХ-ноос мэдээлсэн сонгогчдын ирцээр 110 хувь тухай мэдээлэгдээгүй. Түүнээс бус бид гишүүн болох гээд улайраад байгаа зүйл байхгүй.
Н.Энх