Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүнд тангаргаа өргөөгүй байгаа ч Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрс тодорсоор байна. Парламентад олонхийн суудал авсан МАН дангаар Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд МАН цомхон, чадварлаг, мэргэжлийн Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзэж, сайдуудын “давхар дээл”-ийг тайлах асуудлыг эрх баригчдад тавьж байсан. Харин өнөөдөр парламентад эрх баригч хүчин болсон тус нам зарим яамдад “давхар дээл”-гүй сайд томилохоор болжээ. Тухайлбал, БХБЯ, ЭХЯ, ЗТЯ, ХХААНЯ-нд “дан дээл”-тэй эрхмүүдийг томилох бололтой. Зам, тээврийн сайдаар Н.Төмөрхүү томилогдох сурагтай. Тэрбээр өмнө нь ч тус салбарт сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Барилгын “Өндөр буянт” компаниараа олонд танигдсан эрхэм.
Харин БХБ-ын сайдаар УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурийг томилох магадлал өндөр байна. Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж, 2008 оноос хойш УИХ-д хоёр удаа сонгогдсон тэрбээр энэ удаад нэр дэвшиж өрсөлдөөгүй эрхмүүдийн нэг. Тэрбээр Братислава хотын Техникийн их сургуулийг Барилгын инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн МАН-ын туршлагатай шилдэг боловсон хүчний нэг юм. Мөн энэ салбарын сайдад “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн яригдаж байна.
Цаашлаад ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, ХХААЯ-ны сайдуудыг “дан дээл”-тэй эрхмүүдээр удирдлуулах сурагтай. ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн, Элчин сайд Т.Ганди, ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, БСШУ-ы сайдад УИХ-ын экс гишүүн Ё.Отгонбаяр томилогдох магадлалтай. Эдгээр эрхмүүд бүгд МАН-ын бэлтгэгдсэн туршлагатай боловсон хүчнүүд юм.
Н.Нягт