Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэн ч мартах ёсгүй

УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байна. Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Дараагаар нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын Сонгуулийн дүнг танилцуулсны дараагаар асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Сонгуультай холбоотой нэлээд маргаан байгаа. 2012 оны Сонгуулийн хуулиар автомат системээр явуулах саналыг анх гаргаж байсан. Автомат машиныг хаанаас ямар журмаар авсан юм бэ?
-СЕХ хуулиа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Сонгуулийн автомат машин найдвартай эсэхийг та бүхэн нүдээр харлаа. СЕХ-ны төв серверт ирж байгаа дүнг шууд харуулсан. Хурууны хээг би найдвартай гэж бодож байна. Хурууны хээ манайд хамаарагддагүй, ТЕГ-ын санд мэдээлэл нь байдаг. Шилжилт хөдөлгөөн жижиг тойрог дээр гардаг. Энэ гомдол сая давтагдсан. Хуулиараа сонгогч санал авахаас 14 хоногийн өмнө шилжилж болно гэж заасан. Нийтдээ 18 мянган хүн шилжсэн байгаа. СЕХ эхлээд Солонгосын автомат машиныг сонгосон. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо үүнийг шүүмжилж буцаасан. Дараа нь Америкийн санал тоолох машиныг сонгосон. Зарим газарт нь санал тоолъё гэсэн. 40 хувьд нь гараар тоолсон. Саналын хуудасны программыг бид хуулиндаа тохируулаад өөрсдөө хийдэг болсон.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Засаглах онцгой бүрэн эрхээ эдэлсэн ард түмэндээ баярлаж байна. Намайг сонгосон сонгогчдодоо талархаж байна. 2004 оноос хойш харьцангуй маргаангүй явагдсан сонгууль боллоо. Энэ сонгуулийн ажлыг хуучин эрх баригчдын үед байсан хүмүүс зохион байгуулсан. Тиймээс маргаан гарахгүй байх гэж боддог. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэн ч мартах ёсгүй. Үүнийг 65 суудал авсан намын нөхдөдөө хэлэх хэрэгтэй. Шударга ажиллааарай. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага харагдсан уу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бүртгүүлсэн сонгогчдын тоо зөрсөн асуудалд тайлбар хийнэ үү. Хэр зөрчил илэрсэн бэ?
-Сонгогчдын тоо зөрөөгүй. Хоёр газар ноцтой зөрчил гарсан. Санал авах машины лацыг хөндсөн асуудал гарсныг тагнуулын ажлын хэсэг очиж тэр дор нь таслан зогсоож арга хэмжээ авсан. Автомат систем их хардлага, дарамт шахалтын дундуур явсан. Бид хуулиа барьж явсан.
-Сонгуулийн хуулинд алдаа дутагдалтай зүйл заалт их байна. Тийм учраас СЕХ энэ намар багтаан саналаа бэлдэж УИХ-д хүргүүлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Монгол төрийн бодлого тасралтгүй, уламжлалаараа явах ёстой. Хэт олонхидоо итгэж төрийн албыг бужигнуулахгүй байх гэж бодож байна. Өнөөдрөөс эхлээд сонгуультай холбоотой явсан зөрчлийг хуулийн байгууллага шалгах байх. Өнөөдөр Монгол төрд ажиллаж байгаа албан хаагчид бүгд Монгол Улсын иргэд. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдаа битгий оролдоорой. Маргаантай олон асуудлаа яах вэ?
-Энэ удаагийн сонгууль харьцангуй бага гомдол, зөрчилтэй болсон. Сонгуулийн хуулинд зөрчил гомдлыг хэн шийдвэрлэх талаар шинэ заалт орсон. Өмнөх хуулинд СЕХ юуг шийдэх вэ, аймаг нийслэлийн сонгуулийн байгууллага юуг шийдэх вэ гэж заасан байсан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хар машинд итгэхгүй байсан хүмүүс дахиж битгий хар машинаа шатаагаарай. Хэд хэдэн тойрог дээр нэг хүн олон удаа санал өгсөн гомдлыг шалгаарай. Эрх баригч болж байгаа МАН-ынхан хулгайтайгаа тэмцсэн шиг тэмцээрэй. Оффшорчидтойгоо тэмцээрэй. Та бүхэн хэлсэндээ эзэн болж зүтгээрэй. Энэ удаагийн сонгуулиар нэг хүн хоёр удаа санал өгөх оролдлого хийгээгүй. Энэ автоматжуулсан систем хурууны хээг 1 удаа уншихаар программчилагдсан байдаг.
УИХ-ын гишүүн Н.Номтой баяр:
-Ард иргэдийн амьдралын хүнд нь Ардын намыг сонгоход хүргэлээ. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ, хуулиа дээдэлж байгаа Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлье.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүсийн тоо хязгааргүй учир үүнтэй холбоотой гомдол байсан. СЕХ энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Сонгуулийн зардал харьцангуй багасаж байна. Хамгийн гол нь зардал нэмсэн асуудлыг багасгах талаар ямар санал байна. Нэгэнт ард түмэн сонголтоо хийсэн байхад түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан үзэгдэл зогслоо гэж үзэж байна. Улс төрийн хүрээнд соёлыг тогтоолоо. Дор нь байр сууриа илэрхийлсэн.
-Шилжилт хөдөлгөөнийг хуулиндаа өөрчлөлт оруулж байж хязгаарлана. Өмнөх хуулиар 30 хоногийн дотор байсныг энэ хуулиар 14 хоног болгосон. Үүнийг хязгаарлаж болно. Сонгуулийн нэгдсэн хууль нь сонгууль зохион байгуулахад төвөгтэй юм байна. Тиймээс Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, аймаг, нийслэлийн ИТХ-ын тухай хууль тус тусдаа байх нь зүйтэй гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-МАН-д саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Монголчууд эвтэй байх ёстой. Сонгуулийн маргаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд заасан хугацаандаа шийдвэрлэх байх. Өнгөрсөн 4 жил МАН-ын бүлгийн тухайд амар байгаагүй. Бүлгийнхээ гишүүдэд талархаж байна. Хар машинд МАН биш Монголын ард түмэн итгэдэггүй байсан. Энэ эргэлзээ тайлагдлаа.
Ийнхүү анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ