Танд хотын шинэ мээр таалагдаж байна уу

Нийслэлийг Су.Батболд удирдахаар болов. 1990 оноос хойш анх удаа гаднаас өөрөөр хэлбэл төлөөлөгч биш хүн хотын дарга болсон нь энэ. Товчхондоо бол энэ томилгоо нийслэлчүүдийн сонголт биш гэсэн үг. Тиймээс хотын иргэн танаас таалагдаж байна уу гэж асуусан хэрэг.
Улаанбаатар хотын 32 дахь дарга Су.Батболдод төрийн болоод улс төрийн албанд ажилласан туршлага арвин бий. Тэр Монгол төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Нутгийн захиргааны байгууллагад ажиллахад ч гологдохоороогүй практик арга барил болоод судалгаатай гэдгээ томилгооны үеэр тодотгож байна лээ. Гэхдээ хотын даргын алба ямар төр захиргааны албан тушаал бус ахуйн ажилтан. Айлаар бол гэрийн эзэгтэй. Төв цэвэрлэхэд ямар асуудал үүссэнийг, хэнийх үерт автсаныг, хэний хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа гэхчлэнгээр хотын даргад оролцохгүй ажил, хэрэгжүүлэхгүй асуудал гэж үгүй. Жижиг асуудлаас эхлээд том бүтээн байгуулалт хүртэл бүхий л ажлыг хэрэгжүүлэх гол үүрэгтэн нь. Төрийн ордонд Ерөнхий сайд, хотын захиргаанд нийслэлийн Засаг дарга гэх гал тогооны ажилтнууд бий. Энэ албыг авсан хүмүүс албан тушаалын бялуу хүртлээ гэж баярлахаас илүү өдөр, цаг тутмын асуудлыг зохицуулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх их үүргийг үүрлээ гэж бодох нь зөв. Харин энэ үүргийг Су.Батболд хэрхэн хэрэгжүүлэхийг бид удахгүй харна бас дүнгээ ч тавина.
Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийг удирдсан Э.Бат-Үүл ам бардам буй. Сонгуульд түүнийг баг ялагдсанд харамссан харуусал их бий гэдгийг тэр хэнээс цэрвэхгүй хэлж чадсан. Учир нь тэр болоод түүний баг нийслэлийн өнгө төрхийг өөрчилж, бүтээн байгуулалтыг хийсэн. Ирэх дөрвөн жилд ч энэ суудалдаа үлдэж, эхэлсэн ажлаа дуусгах хүсэл нь сонгуулиар 360 хэм эргэж, ялагдлын шокноос одоо ч гараагүй байгаа НИТХ-ын анхдугаар хуралдаанд хэлсэн үгнээс нь харагдсан.
Нийслэлчүүд Э.Бат-Үүлийг багт онцсайн үнэлгээг өгсөн. Хотынхон энэ үнэлгээг бууруулахгүй байхыг хүснэ, шаардана. Нэг үгээр хэлбэл хотын шинэ дарга Су.Батболдод илүү их үүрэг хариуцлага ирсэн гэсэн үг. Су.Батболдын багт сайн, дунд үнэлгээ авах эрх байхгүй. Иргэдийн итгэлийг бараг л 100 хувь хүлээсэн Ц.Сандуй ч, зассан замын гадуур явж орж ирсэн Су.Батболд ч хурц хараа хяналтын дор том хариуцлагыг үүрч буйгаа мэдэж, мэдэрч буй биз.
Тэд ялсан. Одоо ухрах зам үгүй.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ