Э.Цэрэндолгор: Хэн нэгнээс мөнгө шантаажилж байсан удаагүй

Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай 17 сая төгрөгийн хаалтын гэрээ байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр тарж, шуугиан дагуулсан. Тэд энэ асуудлаар өнөөдөр MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, албан ёсны тайлбар хийлээ.
Энэ үеэр Ц.Цогзолмаагийн хуулийн төлөөлөгч Б.Халиун “Э.Цэрэндолгор болон Ц.Цогзолмаа нар огт уулзалдаж байгаагүй. 17 сая төгрөгийн гэрээ байгуулаагүй” гэв.
Э.Цэрэндолгор “Сүүлийн 3 долоо хоногийн турш намайг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай 17 сая төгрөгийн гэрээ байгуулсан, бусдаас шантаажилж мөнгө авдаг, Мүүний тухай асуудлыг дэгдээсэн гэсэн цуурхал гарсан. Бусдын нэр төр, алдар хүндэд санаатайгаар халдах нь эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс би үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Миний хувьд Мүүний тухай асуудлыг дэгдээсэн нь үнэн. Гэхдээ хэн нэгний нэр хүндийг барьцаалж, мөнгө шантаажилж байсан удаагүй. Сүүлийн 5 жилд цахим ертөнцөөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ баримттай ярьдаг байсан” хэмээн ярив.
Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ “Ц.Цогзолмаа миний бие сонгуулийн хуулийг дагаж мөрдөж, зөрчилгүй байхыг хүссэн. Тиймээс сонгуулийн үеэр миний эсрэг явуулсан хар пиар, гүтгэлэг, доромжлолд тухайн үед ямар нэгэн тайлбар хийгээгүй өнөөдрийг хүрсэн.
Миний бие хүүхэд наснаасаа ижий аавынхаа өвлүүлсэн бурханы шашиндаа сүсэглэн залбирдаг Монгол эмэгтэй, Монгол эх хүн билээ. Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мүүний шашинтан хэмээн бичигдсэн нь огтхон ч ор үндэслэлгүй гэдгийг үүгээр дамжуулан уламжилж байна. Энэ асуудлыг зохих журмын дагуу хуулийн байгууллагад хандаж, нэр хүндээ сэргийлэхээ мэдэгдье” гэлээ.
Ц.Тэнгисболд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ