Монгол үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадам өндөрлөлөө. Тулгар төрөө байгуулж, төрт улсаа үүсгэсэн түүхэн ойг үндэсний баяртайгаа хамтатган тэмдэглэж, монголчууд дэнж хотойтол наалдлаа.
Түүхэн тэгш ойнууд тохиосон үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хааж, ард түмэндээ хандан үг хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Эрхэм хүндэт наадамчид аа. Хүндэт зочид оо.
Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархалыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол наадам Монгол үндэсний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас Монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулаг гүнзгий гэдгийг баясан харлаа.
Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам, монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ. Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж, дор бүрнээ хичээн зүтгэцгээе ээ.
Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай үндэсний их баяр наадам маань үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөл өргөн, энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя.
Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ.
Ийн монгол наадам өндөрлөж, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордонд залахаар Төрийн торгон цэргүүд хүлгийн жолоо заллаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ