Айлчлалын өгөөж

Наадмын дараа намрыг ярих завдалгүй Монгол Улс зочдын хөлд дарагдав. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж ирсний 20 жилийн ойн 11 дүгээр уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү өндөр хэмжээний уулзалтад оролцохоор Ази, Европын 51 улс, 2 олон байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Тэд зөвхөн АСЕМ-ын уулзалтад оролцоод буцах бус Монгол Улсад ажлын болон албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ, Япон, Сингапур, Вьетнам, Эстони зэрэг улсын Ерөнхий сайд нар манай улсад айлчлал хийж буй. Эдгээр айлчлалаас Монгол Улсад үлдэх бодит үр өгөөжийг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэлээ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Түүний дотор Сангийн сайд Б.Болорын гарын үсэг зурсан баримт бичгийн онцолж байна. Тухайн баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол байв. Энэхүү протоколыг байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбум төгрөгийн өрийг бүрмөсөн чөлөөлж буй юм.
Манай улсын 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр болох нийт 38 тэрбум төгрөгийг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгууллаа. Ингэснээр Монгол Улсын гадаад өрөөс 38 тэрбум төгрөг хасагдлаа.
30 сая ам.долларын санхүүжилт шийдэгдлээ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барихаар болов. БНХАУ-ын Засгийн газраас нийт 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгөх юм.
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг хувийг 0-18 насны хүүхэд, залуус эзэлж буй. 2015 оны статистик мэдээгээр Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэний 10 хувийг хүүхэд эзэлж байна.
Монголчууд Сингапурт 30 хоног визгүй зорчино
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.
Вьетнам руу ямааны мах экспортолно
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фукийн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт таатай нэгэн мэдээг дуулгав. Тэр нь Вьетнамын Ерөнхий сайд Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлсэн явдал байлаа.
Одоогоор манай улсын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компани энэ чиглэлээр ажиллахаар бэлдэж байна. Вьетнамчууд монгол ямааны мах авах их сонирхолтой байгаа аж.
Үүнээс гадна Монголын соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ