АСЕМ-ын зочдын гарын үсэг

img

Ази, Европын Дээд түвшний 11 дэх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын төр, засгийн төлөөлөгчдийн тэргүүнүүдийг өнөөдөр өглөө угтан авсан билээ. Угтах ёслолын танхимд  АСЕМ-ын лого бүхий Монгол бичгээр бичиж, улс орнуудын төрийн далбааг тойруулан хүрээлсэн хүндэтгэлийн зурагт самбар байршлуулсан байлаа. Уг дурсгалын самбар дахь өөрийн орны төрийн далбаа  бүхий зурагны хажууд гадаадын төр, засгийн тэргүүнүүд гарын үсгээ зурсан юм.

 

Энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа. Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна. Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна.

 

Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна.

 

Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ