Румын улсын Ерөнхий сайдтай уулзав
2016-07-15

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Румын Улсын Ерөнхий сайд Дачиан Чолоштой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чингэхдээ хувийн хэвшил хоорондын шууд холбоог дэмжихийн чухлыг тэмдэглэлээ

 

Ерөнхий сайд Дачиан Чолош 2013 онд Монгол Улсад анх удаа айлчилж байсан. Монгол Улс богино хугацаанд хурдацтай хөгжиж байна гэдгийг уулзалтынхаа эхэнд онцолсон юм. Мөн тэрээр эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Монгол-Румын улсын харилцаа хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр илүү хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Түүнчлэн эдийн засгийнхаа өсөлтийг тогтвортой хангахад хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь чухал. Энэ чиглэлд ч хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин