Гадаадын төр, засгийн тэргүүнүүд бараалхав
Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.
Тэрээр, Монгол Улс, Словак Улс нь уламжлалт, найрсаг харилцаатай, нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж, ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжээгүй. Иймээс тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар дуулгав. Түүнчлэн Бүгд Найрамдах Словак Улс Европын Холбооны Зөвлөлийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн даргалах болсонд баяр хүргэж, Монгол Улсыг Европын Холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Мөн тэрээр хоёр талын уламжлалт харилцааны хүрээнд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс Словак Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн зэрэгцээ, хоёр талын хамтын ажиллагааг ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг байнгын механизмуудын хүрээнд хөгжүүлэх боломжтойг мэдэгдлээ.
Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Парламентын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд Улсын Их Хурлын даргад баяр хүргэв. Ерөнхий сайд Роберт Фицо хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэг буйгаа илэрхийлж, энэ тал дээр анхаарч ажиллана гэлээ. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон Европ, Азийн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр БНАЛАУ-ын Ерөнхий сайд Др.Тонглун Сисулит бараалхлаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд, эрхэм зочныг Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буйд талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ. Тэрбээр, хоёр орны ард иргэд олон жил харилцан ойлголцон, бие биедээ ямагт хүндэтгэлтэй хандаж, төр засгийн түвшинд итгэмжилсэн харилцаа бэхжиж ирсэнд баяртай байдаг гэлээ.
Улсын Их Хурлын дарга, өнгөрсөн 06 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Нам ялалт байгуулж, засгийн эрх барьж буй улс төрийн хүчин өөрчлөгдөж байгаа ч Лаос Улстай харилцах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдөхгүй гэдгийг тэмдэглэн хэлээд, цаашид стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллана хэмээн онцоллоо.
М.Энхболдыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад албан ёсны айлчлахыг урилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад өндөр ач холбогдол өгч, оролцож буйд талархал илэрхийлэв. Мөн Энэтхэг Улсын Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон нь Энэтхэг Улсын зүгээс АСЕМ-ын дагалдах бүх хуралд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа онцлон тэмдэглэв.
Тэрээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад баяртай байдаг. Саяхан манай улсад Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болж, Монгол Ардын Нам шинэ Парламент, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах болсон. Бид гадаад бодлогын нэгдмэл байдлыг үргэлжлүүлэн, залгамж чанараа хадгалах болно. Монгол, Энэтхэг хоёр улс мэдээлэл технологи, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Н.Моди 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргасан. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана” гэлээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари Улсын Их Хурлын даргатай уулзаж буйдаа баяртай байна хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Би АСЕМ-ын уулзалтад тавьсан илтгэлдээ Монгол Улсын ардчилал, сонгуулийн ололт амжилтын талаар дурьдлаа. Ардчиллын гол зарчим шийдвэр гаргах эрх байдаг. Манай хоёр улс адилхан ардчилсан улс. Ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэхэд ардчилал чухал үүрэгтэй. Үүний тулд хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлж, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй" гээд Улсын Их Хурлын дарга ноён М.Энхболдыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж буйгаа дуулгасан юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд танай улсад айлчилсан нь хоёр улсын хувьд том үйл явдал байсан. Энэхүү айлчлалын гол үр дүн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хэлэлцээр байсан бөгөөд одоо уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил л үлдсэнийг онцлон тэмдэглэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ