Ерөнхийлөгчдийн хөргийг Т.Чингис зуржээ

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уулзалтын үеэр зочид төлөөлөгчдөд зориулан "Pillars of ASEM" үзэсгэлэнг “Чингисийн хүрээ” цогцолборт нээсэн юм. Уг үзэсгэлэнд АСЕМ-ын гишүүн 51 орны төрийн өндөр дээд албан тушаалтны хөрөг зургийг дэлгэсэн байв. Эл бүтээлүүдийг Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Чингис зуржээ.
2015 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын санаачлагаар хөрөг зургийн төсөл ажил эхэлжээ. Улмаар нийтдээ 51 орны төрийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын тэргүүлэгчийн 53 хөргийг жилийн хугацаанд зураач Т.Чингис зурсан аж.
Тэрбээр энэ тухай “Төсөл эхэлж байхад нэг хүний хөргийг арваад хоног зурдаг байсан. Сүүлдээ хугацаа нь илүү богиносч, тав орчим хоног зурж байсан. Терраза Майерыг жишээ нь хоёр хоног унталгүй зурж дуусгасан. Миний хувьд амралтгүй олон сар ажиллана гэдэг маш том шалгуур даваа байлаа” хэмээжээ.
Зураач Т.Чингис сүүлийн арваннэгэн жил тасралтгүй хөрөг зурж байгаа юм байна. Энэ хугацаанд 500 гаруй хүний хөрөг зурсан аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ