Н.Мөнхбаясгалан: Унаачдаа бэлэглэх байраа захиалсан

Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан их насны морины уралдааны айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харъяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан. Тэрбээр унаач хүүхэддээ байр бэлэглэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад түүнтэй уулзаж ярилцлаа.
-Төрийн их баяр наадамд тун чиг өнгөтэй наадав аа?
-Морь хурдан уяа эвтэй сайхан наадлаа. Тэгш ой тохиосон баяр наадмаараа их насны морины айраг хүртэж, төр түмэндээ данстай уяач болсондоо баяртай байна. Үнэхээр азтай хийморьтой наадсан.
-Та морио өөрөө уяж хурдлуулав уу?
-Миний зээрд морийг Увс аймгийн Наранбулаг сумын харъяат аймгийн алдарт уяач О.Хосбаяр гэж 29-хөн настай идэрхэн залуу уяач уяж хурдлуулсан. 18 насандаа аймгийн алдарт уяач цол хүртсэн залуу бий. Уяач, эзэн бид хоёр анх удаа улсын наадамд хурдан хүлгийн шандас сойж айраг хүртсэн азтай залуус даа.
-Хотын уугуул уу? Багадаа морь унадаг байв уу?
-Би Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн. Улаанбаатарт төрсөн үндсэндээ паалантай жорлонгийн хүүхэд болохоор морин дэлэн дээр хийсч өсөөгүй. Гэхдээ хөдөө хаа нэг зуны амралтаар очихдоо морь унах дуртай, моринд хайртай тийм л хүүхэд байсан.
-Тэгвэл моринд хорхойсох шалтгаан юу байв аа?
-Морь уяад багагүй хугацааг өнгөрөөж байна. Яагаад энэ амьтанд тэгтлээ хайртай болсон, тэгээд уяж хурдлуулах болсон шалтгаанаа би хожуу мэдсэн. Миний аавын аав, ээжийн аав ч нутагтаа их алдартай, сум орон нутагтаа олон айраг түрүү авсан хурдан хүлгүүдтэй айл байсан юм билээ. Миний өвөөгийн аав болохоор олон адуутай Завханы Шилүүстэйд 1000 цагаан тэмээгээрээ танигдсан буурлууд байсан гэдэг. Энэ хүмүүсийн удам надад бий болохоор би тэгтлээ хорхойссон юм болов уу даа. Өвөг дээдсийн минь буян заяа түшиж, хүнд сайн санаж тусалж явсан үр өгөөж надад хүрч төрийн наадамд торгон жолоо өргүүлэв үү гэж ерөөл бэлгэдэж сууна даа.
Урмаар тэтгэж унаачдаа байр бэлэглэнэ
-Зээрд морийг унаж хурдлуулсан хүүд байр өгнө гэсэн. Энэ үнэн эсэхийг өөрөөс тань асуумаар байна.
-Зээрд морийг минь унаж хурдлуулсан төдийгүй улс бүсийн наадамд унасан морио 8 удаа айраг түрүүнд хурдлуулсан Завхан аймгийн Идэр сумын харъяат Х.Сэвжид гэж 13 настай сэргэлэн хүү бий. Морь айрагдсан. Залуу хүн хөөрсөн нь үнэн. Гэхдээ үнэн хэрэгтээ хүний хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийг урмаар тэтгэх үүднээс байр өгөхөөр шийдсэн юм. Энэ бол өнөөдөр яриад маргааш шийдчихсэн асуудал биш л дээ. Би удаан бодсон, тооцоолсон. Бас ч үгүй судалсан шүү. Хүүхэд ч гэсэн адууг уяж хурдлуулах их үйлсэд хамгийн чухал үүрэг хүлээдэг гэдгийг бусад уяач, морины зүтгэлтэн, салбар хороодын удирдлагуудад ойлгуулж, харуулах гэж, анхаарч ажлаасай гэдэг талаас нь л ийм шийдвэр гаргасан юм.
-Байр өгнө гэхээр олон нийт таны хэн болох, хаана ажилладаг талаар асууж сураглаж байна.
-Хөрөнгө санхүүжилт ийм хүнд үед хүүхдэд байр өгнө гэхээр яасан баян хүн бэ гэж бодож байгаа болов уу. Би нэг их баян цатгалан хүн биш. “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн ерөнхий захирал. Мөн “Монголын авто замчин залуус” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Урьд нь ийм байдлаар унаач хүүхдээ шагнаж урамшуулсан тохиолдол байгаа л байх. Би сайн мэдэхгүй юм. Энэ тухай мэдээллийг цахим орчинд нийтлээд өг гэж хэн нэгнийг би уриалаагүй. Гэтэл миний олон жил найзласан найз маань сэтгэлийн хөөрлөөр бичсэн байна билээ. Улмаар олон хүний сонорт хүрчээ. Нэгэнт олон нийтэд хүрсэн хойно би байрны түлхүүрийг гардуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор мэдэгдэнэ. Гэхдээ би л нэг хүнд юм бэлэглэж байгаа гэсэн шиг онгирч сагсуурахыг үнэндээ хүсээгүй юм шүү гэдгийг энд хэлмээр байна.
-Сэвжид хүү хаана, ямар байранд аж төрөх вэ?
-Байрны хувьд манай хэдэн нөхөд нийлээд барилгын компани ажиллуулдаг юм. Судалж байгаад хэн хэндээ хэрэгтэй байх үүднээс нөхдийн байрнаас хоёр өрөө байр бэлэглэхээр захиалга өгөөд байгаа. Байраа өгнө. Энэ үнэн. Үүнийг л амлаж чадах байна.
-Зээрд морь өнгөрсөн жил Нийслэлийн Даншигт түрүүлж байсан байх аа?
-Тийм ээ. 1900-ээд онд зохион байгуулагдаж байгаад орхигдсон байсныг дахин сэргээсэн “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадмын түрүүг хүртсэн. Би үүнийг маш их бэлэгшээж байгаа. Үнэхээр хурдан буян надад заяасан.
-Аль угшлын адуу вэ?
-Миний зээрд морь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын угшилтай. Өнгөрсөн жил БСШУ-ы сайд, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр ах бэлэглэж байсан юм. Тухайн үед сайд, УИХ-ын гишүүн хүнээс хурдан хүлэг бэлгэнд авч байхдаа ихэд бэлэгшээж байсан шүү. Энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.
Залуу уяачдыг хавчин гадуурхаж байна
-Залуу уяачийн морь айргийн тавд хурдлахад хувьхандаа баярлаж л суулаа.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадам их гоё болсон. Олон залуу уяач айраг түрүү хүртсэн. Ер нь дандаа л нэг тод манлай нар айраг түрүү хүртдэг биш гэдгийг харуулж чадсан. Би ч гэсэн 13-хан хоногийн өмнө Улсын наадмаас айраг хүртээд баяртай хөөртэй, золбоотой алхаж явлаа. Харамсалтай нь энэ урам минь хугарчихаад байна.
-Учир юу билээ?
-Энэ сарын 24-нд Монголын Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг “Их хурд -7” уралдаан Хүй долоо худагт болж өндөрлөлөө. Энэ наадамд улс, бүсийн эхний 9, аймгийн наадамд эхний тавд орсон морьд шандас сорих тусгай урилгаар уралддаг. Миний зээрд морь Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалсан учир ММСУХ-ноос “Их хурд-7” уралдаанд оролцох албан ёсны урилгыг надад гардуулсан. Медаль өгсөн. Ийнхүү морио уралдуулаарай гэж өөрсдөө урьчихаад энэ сарын 24-нд морийг минь уралдуулалгүй хасчих юм. Би өөрөө морь унаад барианы зурхай дээр очиж, морио мордуулчихаад хараад зогсож байлаа. Гэвч харамсалтай нь цэнхэр хашаанаас миний морийг барьж уясан. Гайхсан. Асуухад ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн гэдэг хүн “Түр байж бай” гэж хэлээд уячихлаа гэсэн. Түр уяж байгаа юм бол болох байлгүй гээд байж байтал морийг минь бүр уралдуулсан ч үгүй. Тэр хашаанд миний мориноос гадна хоёр морь үлдсэн. Нэг бор морь харагдсан. Тэр нь бүртгэлгүй морь байсан юм билээ. Үндсэндээ урилгагүй морь. Нэг хээр морь байсан. Тэр ямар шалтгаанаар уягдаж үлдсэнийг мэдэхгүй байна. Үндсэндээ урилгатай морьдоос миний морийг л барьж, сойж торойтол авч үлдсэнд үнэхээр гайхаж байна. Энэ үнэхээр увайгүй үйлдэл болсон.
-Хүн бүхэн хардах эрхтэй. Гэхдээ үндэслэлтэй байх ёстой гэдэг.
-Уралдаан боллоо. П.Сэргэлэн гэж нөхрийн өөрийнх нь морь айргийн тавд давхисан. Тэгэхээр би үүнийг урьдчилан зохион байгуулалттай хийсэн төрийн наадмыг доромжилсон увайгүй үйлдэл гэж бодож байна. Яагаад ингэж байгаа юм бүү мэд. Би П.Сэргэлэн гэж хүнийг би танихгүй. Танихгүй болохоор ч хассан байх. Нэг танихгүй залуу төрийн наадамд морь айрагдуулаад, хүүхэддээ байр өгнө гэхээр миний морийг хассан ч байж болох юм. Яагаад гэвэл ММСУХ-ны удирдлагууд болон хэдэн тод манлай уяачид л наадах ёстой юм шиг хүсэл сонирхол тэдэнд байдаг.
-П.Сэргэлэн гэх хүнтэй холбогдсон уу?
-Би утсаар ярих гэж оролдсон. Утсаа авахгүй байна билээ. Тэгэхээр нь “Ийм шударга биш юм хийж болохгүй шүү та” гэж мессеж бичиж үлдээсэн. Бодвол уншсан байлгүй. Цэнхэр хашаанд морийг минь уяж үлдээж байх явцад нь бичсэн шүү бүр. Сая “Их хурд-7” наадамд тавд давхисан тэр хээр морь нь урилгатай байсан эсэхийг би мэдэхгүй. Харин морийг нь бол сайн мэднэ. Соёолон насандаа улсын наадмаас хасагдсан морь байна билээ. Шударга уралдаан зохион байгуулдаг байх хэрэгтэй. Морийг уях гэж хичнээн олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөр ордог болохыг тэр өөрөө ч уяач хүн учраас мэдэж байх ёстой. Дээрээс нь залуу уяачдыг дэмжих бодлого алга. Дэмжихийн оронд ийм байдлаар шахаж хавчдаг, дээрэлхдэг. Залуучууд хэлдэггүй л болохоос ийм үйлдэл удаа дараа гарч байгаа юм билээ. Тод манлай уяач нар ч ММСУХ-ны үйл ажиллагааны доголдлын талаар өөр хоорондоо ярьдаг. Харин өнөөдөр над шиг зоригтой дуугарсан нь байхгүй. Намайг ингээд ярьж хэлээд эхлэнгүүт маш олон залуу уяач дэмжиж байна. Ажил хэрэг болтол нь яваарай гэж захиж хэлж байна. Би тууштай тэмцэнэ. Тэр цэнхэр хашаанд уяачийг нь ч аваачихгүй хэдэн цагдаагаар хамгаалуулчихаад уяачдын холбооны нэртэй хэдэн нөхөд тэнд юу хийдэг нь ойлгомжтой л байна.
Залуу уяачдын холбоо байгуулна
-Энэ асуудлаар уяачдын холбоонд гомдол гаргасан уу?
-Гаргасан байгаа. Удахгүй хариу ирэх болов уу. Би үнэхээр ойлгохгүй байна. Хасах л байсан юм бол яах гэж урилга өгсөн юм бэ тэгвэл. Тэр урилган дээр нь М.Энхболд, П.Сэргэлэн гээд хоёлулангийнх нь гарын үсэг байсан. Тус хорооны ерөнхийлөгч М.Энхболд гэж хүн энэ асуудлыг мэдэж байгаа болов уу. Үүн дээр ямар хариуцлага өгөх вэ гэдгээ ч ярих ёстой. Алдаа гаргасан юм бол албан ёсоор мэдээлэх хэрэгтэй. Үгүй бол энэ бусармаг үйлдлээ зогсоох хүртэл би тэмцэнэ.
Ер нь ний нуугүй хэлэхэд ийм байна. Нэг хэсэг улс нь Үндэсний их баяр наадамд морио уралдуулж чадахгүй ММСУХ-ны наадамд очдог. Нөгөө хэсэг нь ММСУХ-ны наадамд морио уралдуулж чадахгүй Төрийн их баяр наадамд очдог. Ийм л хоёр өөр улсад амьдарч байгаа шиг дунд нь уяачид хавчуулагдаад байна шүү дээ.
-Цаашдаа хэрхэн тэмцэх вэ?
-Би Монголын залуу уяачдын холбоо байгуулна. Өнөөдрөөс би энэ холбооны үйл ажиллагааны чиглэл зорилгыг тодорхой болгож, ирэх наймдугаар сард холбооныхоо анхдугаар хурлыг зохион байгуулна. Би тууштай тэмцэнэ.
Ярилцсанд баярлалаа. Морь хурдан, уяа эвтэй байг ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ