Өрөө дүүрэн цомын эзэн

“Хасу Мегаватт” компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюушийн хоббитой танилцлаа. Тэрээр нэгэн өрөөг тусгайлан тохижуулж, “Алдарын өрөө” хэмээн нэрлэжээ. Алтан шаргал, мөнгөлөг, боронзон өнгөтэй цомнууд өрөөнд оронгуут шил толь мэт гялалзана. Нэг төө хэмжээтэйгээс эхлээд нэг метр өндөр цомнууд түүний цуглуулгад бий. Тэрээр 2009 онд өөрийн спорт клубээ нээсэн бөгөөд тухайн үеэс эхлэн цомны хорхойтон болжээ. Харин өмнө нь орон орны бэлгэдэл болсон сувинер, аяга цуглуулдаг байсан гэнэ. Түүний цом бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Тухайлбал, 2014 онд дасгалжуулагч Н.Баярсайханы олон улсын тэмцээнээс авчирсан өндөр нарийнхан цом бусдаасаа арай содон харагдана. Ж.Түмэн-Аюуш “Би энэ цомыг их л бэлгэшээж хадгалдаг.
Би ч нүдээ унагаж, найз маань ч өгөх хүслээр надад ирсэн нандин цом байгаа юм” гэж байв. Мөн 2014 оны Чөлөөт бөхийн багийн аваргын халз тэмцээний цом их сүрлэг юм. Найм орчим кг жинтэй ажээ. Ерөнхийдөө түүний цуглуулгад 2009 оноос хойш Монгол Улсад болсон Чөлөөт бөхийн тэмцээнүүдэд олгосон бүхий л цом байна. Мөн бокс, софт теннис, сагсан бөмбөг гээд спортын олон төрлийн цомыг нь тоолж баршгүй юм. Ж.Түмэн-Аюуш ч “Цуглуулгаа тоолж үзэж байсангүй. Ямар ч гэсэн нэг өрөө дүүрлээ. Одоо ангилж ялгаад цаашид хэрхэн цуглуулж арвижуулах талаар ажил хийнэ дээ” гэж байв. Тэрээр спортод элэгтэй нэгэн бөгөөд Олон улсын софт теннисний холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөг, ширээний теннис, даамын “Мегастарс” клуб, сагсан бөмбөгийн “Чингис Сити” багийн эзэн юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ