7 хоногийн томилгоо

img

 

Өнгөрч буй энэ долоо хоногт парламент шөнө дөл болтол хуралдан, үлдсэн 4 сайдыг томиллоо. БХБ-ын сайдаар Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэн, ЭМ-ийн сайдаар А.Цогцэцэг, ЭХ-ний сайдаар Ц.Ганхүү нар тус тус томилогдсон. Ингэснээр Засгийн газрын танхим бүрэн бүрдлээ. Иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулан, эдийн засгаа сэргээхээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы индэр дээрээс мэдэгдэв.  Үүнтэй зэрэгцээд  Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, ҮСХ-ны дарга, СЗХ-ны дарга нарыг тус тус чөлөөлж, шинэ хүмүүс  томилоод байна.  Шинээр томилогдсон албан тушаалтнууд шинэ долоо хоногоос ажилдаа шуудран орно.   Ингээд шинэ албан тушаалд томилогдсон эрхмүүдийн товч намтрыг хүргэе.

 

Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр О.Эрдэмбилэгийг томиллоо. Тэрбээр О.Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, улмаар 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.

О.Эрдэмбилэг 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар  С.Даваасүрэнг томилов.  С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

 

 

Үндэсний статистикийн хорооны даргаар А.Ариунзаяаг томиллоо. А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

 

Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Түүнийг төр,нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрайн зээ охин гэдгээр нь олон нийт андахгүй юм.

 

УИХ-ын анхдугаар чуулган ирэх хоногт Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын 3 хоногийн заварлага авсан юм. Мөн Засгийн газар дэд сайд нар, агентлагийн дарга нараа томилно. Ийнхүү нар төөнөсөн наймдугаар сарын халуун өдрүүдтэй зэрэгцэн төр, засаг ч шинээр эмхлэгдэх бүрдэх явц үргэлжилсээр байх нь.

 

Н.Энхлэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

a:
Jasrain zee gedgeer ni olon niit andahgyi ch geh shig saihan zalah yumaa
2016-08-02