Давхар дээлний суганд хавчуулагдсан дэд сайдууд


МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж, тодрууллаа.
Үүнд:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр
-Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
-Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
-Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр
-Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
-Барилга, хот байгуулалтын сайдад М.Батбаяр
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Ц.Батбаяр
-Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
-Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
-Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нарыг дэмжихээр болсон байна.
Эдгээр нэр дэвшигчдийг ард түмэн хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй доог тохуу хийх болов.
Үнэндээ ч МАН-д дэд сайдаар ажиллах хүн эднээс өөрөөр алга гэж үү дээ гэмээр хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байх юм. Дэд сайдын суудлыг ард түмэн гомдогсдод зориулсан албан тушаал гэцгээдэг. Тэгэхээр ийм өчүүхэн “амьтад” намдаа гомдож, хаалга савж гүйгээд байсан болж таарах нь. Эсвэл эртэй чадалтай, эрдэмтэй номтойд нь намдаа өргөн барих зоос байхгүйгээс цүнх баригчдад боломж олдож буй хэрэг юм болов уу. Ихэнх нь салбартаа танигдаагүй, хэн ч мэдэхгүй, сураггүй нөхдүүд байна гэх бухимдал хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж эхэллээ. Эднээс хэд нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давахгүй өвдөг шороодохыг одоогоор хэлж мэдэхгүй нь. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд хүргэе.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр
Энэ эрхэм бусад дэд сайдуудыг бодвол салбартаа төдийгүй нийгэмд танигдсан нөхөр. Сайнаар ч, саараар ч тэр. Эхнэрийнх нь тарьсан балаг багагүй шуугиан дэгдээж зарим талаар түүний нэрийг сэвтээж орхисон болохоос бусдаар харьцангүй нэр цэвэр явсан улстөрч. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд ном бичиж байгаа нэрээр өссөн, төрсөн нутаг Булганаа хэдэнтээ тойрч, УИХ-д нэр дэвших сурталчилгаагаа мөлхөө маягаар хийсэн ч нутаг нугынхныхаа дэмжлэгийг авч чадаагүй билээ. Харин Булган аймаг дахь МАН-ын дарга н.Бат-Эрдэнэ нь түүнийг чирч улстөрд дахин хөл тавиулсан нь энэ. Нэр дэвшигч Ё.Отгонбаяр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан байдаг. Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан.
Хууль зүй,дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба руу шилжсэн намтартай. Ер нь тэрбээр улс төрд байтугай намдаа ч танигдаагүй нэгэн. Ямар сайндаа журмынх нь нөхдүүд ямар сургууль төгссөнийг нь ч мэддэггүй.
Гадаад хэргийн дэд сайд Г.Тэнгэр
Намынх нь нөхдүүд түүнийг “япон” Тэнгэр хэмээдэг юм билээ. Тэрбээр хоёр дахь их сургуулиа Японд төгссөн учраас тэр байх. Энэ эрхэм 2005 оноос улстөрд хөл тавьж, МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагаар хэсэг гүйсний шанд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны даргаар томилогдсон. Улмаар 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан. Г.Тэнгэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн фракцийн хүн гэлцдэг. Төрийн албан зүтгэсэн туршлагаар маруухан гэж хэлж болно. Түүний намтын хуудаснаа 2000-2001 Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн гэсэн ганцхан өгүүлбэр байна лээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
Улс төрд мөр байтугай нэр нь ч дуулдаагүй ийм нэг хатагтай Монгол Улсын нэгдсэн төсвийг зангидах боллоо. БНХАУ-д баклавр, АНУ-д магистр хамгаалсан гэхээр боловсролын тухайд гологдохооргүй харагдаж байгаа ч амьдрал дээр тэр тусмаа төрд нэг ч өдөр алба хашиж байгаагүй. Ерөнхий боловсролын ахлах сургуулиа хүртэл Австралид дүүргэжээ. Оюутолгойд ХХК-д төслийн менежер, Петровис ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бүсгүй хэний ч юм дэмжлэгээр цойлсоор Сангийн дэд сайд болох нь. Монголчуудын эгэл боргил амьдралыг мэддэг л байгаа даа. Цалин хангамж сайтай газраас тооллоход тооны машин шаардлагатай цалин авч байсан хүнд “Атар” талхыг хувааж авдаг ард түмний амьдрал сонин байх биз.
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
МАН-ыг ядарч тэвдэж явахад нь өмөг түшиг болж тэвнээр тусласныхаа шанг тэрбээр ийн эдэллээ. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд хоточ “банхар”-ын үүргийг өөрийнхээ хэмжээнд чадлаараа гүйцэтгэсэн залуу. МАН-ыг дагавал хоолтой гэдгийг нь “Улаанбаатар” радиогийн захирал хадам эх нь зөвлөсөн гэх сураг байдаг юм. Чихээр сонссон биш, явган л яриа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг “шилэн” Цогоо л гэцгээдэг юм. Яаж яваад ийм хочтой болсныг нь өөрөө л мэдэх байх даа. Зам тээврийн салбарт жинхэнэ инженер хэрэгтэй баймаарсан, уг нь.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга
Энэ салбарыг хоёр шинэ хүн удирдаж, чиглүүлэхээр болжээ. Сайдынх нь тухайд салбартаа мэргэжилтнээр ажиллаж байсан гэхээр Т.Гантулгыг бодвол анхан шатны мэдлэгтэй байх. Харин дэд сайдын хувьд пи-ар-д илүү мэргэшсэн нэгэн. МАН-ын ирээдүй болсон залуу боловсон хүчнүүдийн нэг хэмээн ахмад гишүүд нь тоож, МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ын хэвлэл, мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн улстөрч. Харин төрийн нарийн бичгийн даргаар боломжийн ажилласан хэмээн салбарынхан нь дүгнэсэн удаатай.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Монгол Улсын Шадар сайдаар ажилласан хугацаанд энэ эрхэм ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдах хэмжээнд очтолоо албан тушаалын хувьд суга өсч байгаа нь сайн ахын нөмөр нөөлөг үү эсвэл МАН-д тэрбумаар нь хандив өргөсний шан уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за. Хувь хүнийхээ хувьд зөөлөн аядуу хэмээн хамт алба хашиж явсан нөхөд нь үнэлдэг юм билээ. Ямартай ч түүнийг азтай, албан тушаалын одтой аавын хүү гэхээс өөр юу өгүүлэх билээ.
Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Мөнгөнчимэг
Сонсогдоогүй нэр, үзээгүй зүс гэж түүнийг хэлж болно. Үнэндээ нийгэм түүнийг мэдэхгүй ээ. Харин МАН-ын удирдах зөвлөлийнхөн л мэдэх байх. АМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга гэснээс өөр танилцуулга олдсонгүй. Энэ том байгууллагыг удирдаж явсан хүн юм бол элдэв арга хэмжээн дээр ямар нэг байдлаар үг хэлж байсан баймаар. Гэвч алга. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам бол Монгол Улсын өдөр тутмын амьдралыг чилүүлж авч явах, ачаа үүрэг гол салбар билээ. Тиймээс МАН түүнийг бүсгүй хүний өрөвч, зөөлөн зан ааль энэ салбарт хэрэг болно, ухаан дээр ухаан нэмнэ хэмээн томилсон нь гарцаагүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэн
УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг телевизээс салдаггүй ахмадууд бол андахгүй. Бас адуунд дуртай нэгэн нь нэртэй уяач гэдгээр нь сураг дуулсан биз. Өмнөговийн гаралтай энэ эрхэм аль ч төрд тал алдаггүй сүүхээтэй нэгэн. Өнгөрсөн хавар “Бэрэн” группт зөвлөхөөр ажиллаж байгаа, төмрийн хүдрийн үнэ буурлаа гээд тууж явсан. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гэвэл Х.Бадамсүрэн гуайн нэр хамгийн түрүүнд дуулдах байх. Үнэнийг өчихөд, “Бор-Өндөр”-ийн уурхайг элгээр нь хэвтүүлсэн тэрбээр уул уурхай тэр тусмаа хүнд үйлдвэрийн салбарыг авч явна гэдэг юу л бол. Түүний оронд Х.Балсандоржийн нэрийг дэвшүүлсэн бол МАН нэрээ баасдахгүй байсан байж мэднэ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр 2010 онд эрүүгийн хэрэгт татагдаж байсан тухай мэдээлэл цахим ертөнцийн архивт хадгалагдаж байгаагаас үзвэл нэр цэвэр нөхөр биш аж. Энэ тухай NEWS.mn сайтаас үзэж болно. Түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа 75 тонн мах устгалд оруулалгүй эзэнтэй нь хуйвалдан зах зээлд борлуулсан хэрэгт холбогдож байсан байх юм. Үнэндээ ч түүнийг уг албан тушаалыг хашиж байх үед орос гуравдугаар сургуулийн хүүхдүүд үдийн хоолондоо хордож, нэгдүгээр төрөхт хүйн халдвар гарч байсныг сануулахад илүүдэхгүй болов уу.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир
Тэрбээр Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байв. Түүний аав Монгол Улсын гавьяат механикжуулагч байсныг сэлэнгэчүүд андахгүй. Газар тариалангийн салбарын жаргал зовлонг мэдэх хүний нэг хэмээн дэмжих нэгэн байхад сайн эцгийн нэрийг гурав худалдаж яваа толгой хэмээн үл тоох хүмүүсч байх л юм. Түүний талаар цахим ертөнцөд “МАН-ын даргын үүдэнд салаавч үзүүлсэн” тухай мэдээлэл нэр цэвэр, ирээдүйтэй улстөрч байж мэдэх юм гэсэн дүгнэлтээсээ ухархад хүргэлээ. Эцэст нь тэмдэглэхэд, давхар дээл өмсгөхгүй хэмээн сүржигнэж байсан МАН хэлснээсээ ухарч, давхар дээлийг дээдэлсэн төдийгүй даржин сайдуудаа сугандаа хавчуулаад шил даван одох нь тодорхой боллоо. Замдаа хэд бүдэрч хөгөө чирэх юм бол доо.
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ