Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос 2016 оны УИХ, ИТХ-ын сонгуулийн үеэр гарсан зөрчил болон шинэ томилгоонуудыг тойрсон хууль бус үйлдлүүд газар авах шинжтэй байгаа талаар шуурхай мэдээлэл хийлээ. Үүний тод илрэл нь Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дуусаагүй байхад чөлөөлж, шинээр томилсон явдал гэдгийг тэмдэглэв. Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд хэд хэдэн асуудлыг онцлон мэдэгдэв.
Юуны өмнө УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй олон зөрчил гарсан гэж тэд үзэж байна. Нэгдүгээрт, эдгээрийг нэгтгэх, судлах, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах зорилгоор Онцгой комиссыг байгуулсан. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон төрийн шинэчлэл, томилгоо, хавтгайрсан халаа сэлгээний явцад гарч болох зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бүртгэлжүүлж дүгнэлт хийх, холбогдох байгууллагуудад хандаж хамтарч ажиллах чиглэлийг баримталж байгаа гэв. Тэгвэл тус комисст одоогоор сонгууль шударга бус болсон гэх 200 гаруй өргөдөл гомдол ирээд байгаа аж. Иймд энэ талаарх мэдээллийг багцлан долоо хоног бүрийн мягмар гаригт хэвлэлийн хурал хийж байхаар болсныг сэтгүүлчдэд дуулгалаа.
“АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ ЯВАГДААГҮЙ БАЙХАД ХААЛГА ЭВДЭЖ ОРЖ БАЙНА”
УИХ, ИТХ-ын сонгууль явагдсан ч аймаг, нийслэлийн сонгууль явагдаагүй байгаа. Гэтэл сумын Засаг дарга нарын хаалгыг эвдэн орж тамга тэмдгийг булааж авах зэрэг балмад үйлдлүүд гарч байна. Тэр бүү хэл ИТХ-ын төлөөлөгчдийг барьж хорих зэргээр хууль бус ажиллагаа явж байна гэж С.Эрдэнэ мэдээллийн үеэр хэлсэн юм. Мөн хууль бус үйлдлүүдийн талаар тухайн газар, орон нутгийн цагдаа, хууль хяналтын байгууллагуудад хандахад хариу өгөхгүй, гомдлын мөрөөр ажиллахгүй байна гэв. Тухайлбал, сонгуулийн өмнө МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэг олон нийтэд хүрч нийгэмд шуугиан тарьсан. Гэтэл үүнийг хууль хяналтын байгууллагууд, тодруулбал Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар хариу өгөхгүй байгаа аж.
Х.БОЛОРЧУЛУУН, Ч.ХҮРЭЛБААТАР, О.СОДБИЛЭГ, Д.ДАМБА-ОЧИР НАРЫГ ШАЛГУУЛНА
Сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль зөрчсөн үйлдэл гаргасан нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг АН-ын зүгээс хууль хяналтын байгууллагад баримтжуулж өгсөн ч өнөө хүртэл хариу ирүүлээгүй нь эргээд албан тушаалын нөлөөлөл бий боллоо гэсэн хардлага төрүүлж байгааг АН-ын Онцгой комисс үзэж байна. Тухайлбал, Х.Болорчулуун, Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг, Д.Дамба-Очир нар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшихдээ мөнгө тараасан. Мөн Л.Энхболд, Д.Лүндээжанцан нарын хууль зөрчсөн асуудлыг шалгуулахаар баримтжуулж өгсөн. Дахиад ч зарим зөрчлийг баримжуулж өгөхөөр АН-ын Онцгой комисс ажиллаж байгаа гэв.
СҮХБААТАР, ДОРНОГОВЬ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОМИЛГОО ХУУЛЬ ЗӨРЧСӨН
Сонгуулийн шилжилт хөдөлгөөний асуудал тухайлбал, “Царцааны нүүдэл” нь сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор өрсөлдөгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар хийсэн зүйл болохыг энэ үеэр мөн онцлов. Долоон нэр дэвшигчтэй холбоотой ийм маргааныг хянуулах, аймаг, сумын Засаг дарга нарын хууль бус үйлдлийн талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгчээ.
Мөн аймаг, сумын Засаг дарга нарын төвшинд хууль бус томилгооны зөрчил газар авсан. Хамгийн ноцтой нь Замын-Үүд сумын Засаг даргын өрөөнд дайрч орсон. Ажлаас нь үндэслэлгүйгээр халж, тамга тэмдгээ авахын тулд хүч хэрэглэсэн, зодсон зэрэг олон асуудал байгаа. Увс аймгийн Засаг даргаар ял шийтгэлтэй хүнийг томилсон, Сүхбаатар, Дорноговь аймагт Засаг даргын хууль бус томилгоо хийсэн зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагад өгсөн. Шалгуулахаар хандсан асуудлын мөрөөр ажиллана, тухай бүрт мэдээлнэ гэж АН-ын Онцгой комисс мэдэгдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин