Худалдаачид 2-3 сая төгрөгөөр хохирсон гэв
“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадам энэ сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдсан. Энэ үеэр тус наадмын зохион байгуулагч, худалдаа, наймаа эрхлэгчдийг хохироосон асуудлаар “Төгсжаргал” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын тэргүүн Э.Долгорсүрэн, хувиараа бизнес эрхлэгч П.Төмөрчулуун нар мэдээлэл хийв.
Даншиг наадмын үеэр Хүй долоо худагт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 150 гаруй аж ахуй нэгжид НЗДТГ-аас олгосон байна. Олгосон зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулсан бизнес эрхлэгчид ашиг орлого олж чадаагүй ажээ. Тус зөвшөөрлийн үнэ 10 мянган төгрөг. Мөн нэг бүрийн үнэ нь 10 мянган төгрөгийн үнэ бүхий малгай, цамц, футволькийг аж ахуй нэгж тус бүрт гурван ширхэгийг худалдан авахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн хуушуурын наймаа эрхлэгч гэхэд туслах ажилтан болон тогоочийн цалин, тээвэрлэлтийн 100 мянган төгрөгийн зардал зэргээс хамааран багадаа хоёр сая төгрөгийн зардал гаргасан аж. Гэвч хоёр өдрийн турш наймаа эрхлэн 350 мянган төгрөгийн ашиг олсон тухай хувиараа бизнес эрхлэгч П.Төмөрчулуун хэлж байна.
Тэрбээр “Бидэнд зөвшөөрөл олгосон тойрог бүхий талбайд 150 ахуйн гэрчилгээ олгосон. Тэнд үйл ажиллагаа явуулсан бизнес эрхлэгчид доод тал нь нэг сая 500 мянган төгрөгийн хохирол амссан. Түүнээс дээш 2-3 сая төгрөгөөр хохирсон. Хоёр өдөр болоход 17-30-хан мянган төгрөгийн орлого хийсэн хүмүүс ч байна. Настай хүмүүс хямраад даралт ихсээд сууж байсан” хэмээв.
Тэдний зөвшөөрөгдөх талбайд худалдан авагч муутай байснаас наймаа эрхлэгчид орлого олж чадаагүй аж. Харин нэг километрийн цаана байрлах “Монгол наадам” цогцолборт 200 гаруй аж ахуй нэгж албан зөвшөөрөлтэйгээр болон албан бусаар худалдаа эрхэлж бидний орлогыг хаасан гэж “Төгсжаргал” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын тэргүүн Э.Долгорсүрэн ярив.
Тэрбээр “ Уг нь бол “Монгол наадам” цогцолборт нэг ширхэг ч хоолны гэр байх ёсгүй. Гэтэл хуушуурын 100 гаруй гэр байсан. Тэгэхээр нь тэр цогцолборын зохион байгуулагч Ж.Нямхүү гэдэг эмэгтэй рүү залгасан чинь “Бид үүнийг шалгаад явж байсан гэсэн. Үнэн хэрэгтээ өөрөө цүнх дүүрэн зөвшөөрөл зараад явж байна гэж сонссон. Нийслэлийн захирагчын ажлын албаныхан зохион байгуулалтаа хийж чадсангүй. Зөвшөөрөлгүй наймаа эрхлэгчдийг оруулахгүй байх ёстой. Үүнийгээ ч Нийслэлээс наадмын өмнө мэдээлж гар дээрээс наймаа эрхлэсэн тохиолдод барааг нь шууд хураана гэж бидэнд хэлсэн. Тэгсэн хэр нь бие засах газрын хажууханд газар юм дэвсээд хуушуур хийж байгаа хүмүүст хяналт тавьж, арга хэмжээ аваагүй мөртлөө зөвшөөрөлтэй бидэн шиг хүмүүст хяналт тавиад байсан” хэмээн ярив.
Худалдаа эрхлэгчид “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын ашиглалтын инженер Ж.Нямхүү болон Нийслэлийн захирагчын ажлын албанд гомдолтой буйгаа илэрхийлж хохирлоо гаргуулж авахаа хэлж байлаа. Тэд Нийслэлийн Засаг Дарга С.Батболдод нэхэмжлэл хүргүүлэхээ мэдэгдэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ