Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр /VIII.09/ Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байгааг мэдэгдэв.
Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг Сангийн сайд Б.Чойжилсүрээн онцлон тэмдэглэж байна.
Тэрбээр Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэлийн талаар “Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5.8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.
Тодруулж хэлбэл, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ.
Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч, манай Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж энэхүү хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Удахгүй УИХ, шаардлагатай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулж, олон нийтдээ мэдээлэх болно. Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үеийг Монголчууд бид хамтдаа даван туулах болно” хэмээв.
Мөн тэрбээр энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна хэмээн мэдээллээ.
Г.Тэгшсүрэн