АТГ-ынхан Н.Энхбаярыг байцаах гэсэн үү, баривчлахаар очсон уу, эсвэл...

АТГ-ынхан өнгөрсөн баасан гаригт МАХН-ын байранд очиж, тус намын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орсон. Энэ үйл явдлаа АТГ-аас “Байцаалт авахаар очсон юм” гэж мэдэгдсэн. Мөн ийм тайлбартайгаар түр намжиж байх шиг. Үнэндээ бол үйл явдлын эргэн тойронд эргэлзээтэйн дээр асуулт дагуулсан зүйл олон байна.
Баасан гаригийн хувьд “баривчилдаг баасан” гариг хэмээн бараг тогтсон жишиг болсон. АТГ баривчилгаагаа энэ өдөр хийж ирсэн. Мөн тухайн өдөр нь дэлхий нийт Олимпийн наадмыг сонордож, манайд даншиг наадам давхцан олны анхаарал сарнисан үе. Ийм үеэр АТГ-ын 30 гаруй гэнэт МАХН-ын байранд очсон. Байцаалт авах зорилготой бол гурван хүн очиход хангалттай биз дээ. Өрөөндөө ганцаархнаа байгаа хүн рүү 10 хүн довтолж ороод хаалгыг нь дотроос нь түгжчихсэн, 20 хүн гадна нь хүн оруулахгүй хамгаалалтад зогсч байсан гэж байгаа.
АТГ-ын өгөөд байгаа байцаалт авах гэж очсон гэдгээс улбаалж үзвэл цаашид ч гэсэн нэг хүнийг байцаахад 30 хүн очдог байх юм байна. Тэгээд гэрт нь юм уу, ажил албан өрөөнд нь ганцааранг нь суулгаж, хаалгыг нь дотроос нь түгжиж байгаад айлгаж сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг болох 1937-1939 оны аймшигт хэлмэгдүүлэлт давтагдах нь гэж хэнд ч бодогдоно. Тэр үед нэг бол хэрэг хүлээлгээд дээлийг нь нөмрүүлээд гардаг, эс бөгөөс буудчихдаг байсан гашуун түүхтэй. АТГ үнэхээр Н.Энхбаярыг байцаахаар очсон бол өмгөөлөгч байлцуулах, хүний эрхийн наад талын шаардлагыг хангах ёстой, ямар халдлага үйлдэгч террористууд биш дээ. Энэ мэтчилэн асуудал байна. Гэтэл АТГ бас өмгөөлөгч байлцуулсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. Хэн гэдэг хүн, ямар өмгөөлөгч байв, Н.Энхбаярын өмгөөлөгч хэн байв гэхээр бас л биш, АТГ өөрсдөө өмгөөлөгч авч очсон, тэр нь доторх ажилтан нь байсан гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Хүн өмгөөлөгчөө өөрөө сонгодог байтал “Энэ чиний өмгөөлөгч” гээд АТГ нэг ажилтнаа өмгөөлөгч нэрээр явуулчихдаг байж болох уу гээд дахиад л асуулт гарна.
Энэ яахав ийм байдаг юм байж гэхэд АТГ-ыхан МАХН-ын байр руу Н.Энхбаярыг зорьж 30-уулаа очихдоо гурван эмч дагуулж очсон гэсэн мэдээлэл бас байгаа. Гурван эмчийг ямар зорилгоор яах гэж авч очсон бэ гэдэг асуулт зүй ёсоор гарна. Эмч нарыг МАХН-ын гишүүд ноцолдсон уу, эсэргүүцэл үзүүлсэн үү ямар ч байсан даргынхаа өрөө рүү нэвтрүүлээгүй бололтой гэсэн сураг ч дуулдаж буй. Энэ үйл явдлыг зөөлрүүлж авч үзэхэд Н.Энхбаярыг баривчлах зорилготой, ингэхдээ баривчилгааны үеэр иймээ тиймээ зүйл болоход анхан шатны ч юм уу тусламж үзүүлэх зорилгоор эмч дагуулж очжээ гэж ойлгож болох. Харин улс төрийн эгзэгтэй, ээдрээтэй байгаа, хүний мөс чанар муудаж өс хонзон зангидсан цөвүүн цаг мөчид бол хүчээр тариа хийх, амь насанд нь шууд бусаар халдах зорилго арай агуулаагүй байгаа даа гэж хардах сэтгэл төрөхөөр юм.
АТГ, Н.Энхбаярыг тойрсон үйл явдал, түүнийг сүлжсэн хариу нэхсэн ээдрээтэй асуудлууд иймэрхүү. АТГ-ынхан Н.Энхбаярыг байцаах гэсэн үү, баривчлахаар очсон уу, эсвэл...
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ